Газрын хулгайн мафи гэж ярьдгаас мафийн сүлжээг баримтаар ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор алга. Хэзээ ч ил болохгүй хэмээн эрээ цээргүй даргын захирамжийн гарын үсгээр баталгаажсан газрын хулгайг ил болгоё. Ил хулгай гэж байхгүйгээс хойш далд үйлдэгдсэн хулгайг ил болгох “Шилэн” ажиллагааг одоо Нийслэлийн газар руу анхаарал хандуулмаар байна, Н.Учрал сайдаа. Өнөөдрийн Улаанбаатарын үнэн төрх үе үеийн Хотын дарга нартай шууд холбоотой. Тэдний эргэлзэх зүйлгүй эрээ цээргүй зурсан гарын үсгийн лай ланчиг өнөөдөр түгжрэлтэй, агаарын, хөрсний, дуу чимээний хамгийн их бохирдолтой, хүндээ ээлгүй Улаанбаатарыг бий болгосон. Үе үеийн хотын дарга нар 1.3 сая иргэний ая тухтай амьдрах боломжийг хулгайлсан. 

Хот байгуулалт, төлөвлөлтийг уландаа гишгэж, даргын гарын үсэг зурсан газар болгон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон бетон тэнгэр баганадан сүндэрлэж эхэлсэн. Сүндэрлэсэн олон орон сууцнууд авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгээс эхлээд анхдагч хэрэгцээг хангах ямар ч төлөвлөлтгүй баригдаж ирсэн. Барилгын компаниуд ч мөнгөнд дуртай дарга нарын шунал дээр дөрөөлж зөвшөөрөл гэх алга дарам цаасаар бидний ирээдүйг арилжиж ирсэн юм. Одооноос “Шилэн хот” болох ажлыг эхлүүлье. Шилэн хот гэхээр шавар байшингуудыг бөөр бөөрөөр нь залгаж сүндэрлүүлэх бус “Шилэн” ажиллагааны хүрээнд Нийслэлийн олон зөвшөөрөл, гарын үсгийг ил тод болгож ил тод мэдээллэдэг баймаар байгаа юм.

Хэнээсээ айж, хэнээсээ ичиж, хэн дарамтална гэж олон жил бугшсан газрын наймааг авдарт нь хав дарна гэж. Нийслэлтэй холбоотой газруудын замбараагүй зөвшөөрөл М.Энхболдын үеэс эхлэлтэй, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, Т.Бадамжунай нар газрын наймаачдын толгой нь хэмээн хэвлэл, цахимаар цоллодог. Үнэхээр энэ хүмүүс газар авч дамладаг юм уу гэдгийг бас харчихмаар байна. Хотын даргын захирамжаар гарын үсэг зурагдан олгогдсон газарт тухайн хүн барилга байшин бариад байдаггүй. Нэг хүнээс нөгөөд, тэндээсээ цаашаа, бүр цаашаа дамлагдах гэх мэтчилэн газрын наймаа хэд хэдэн хүний гараар орж яг эзэндээ очдог л доо. Гөлөг төөрүүлж байгаа юм шиг хэд хэдэн гэрчилгээ шинээр гаргаж дамжуулахгүй бол нууц газрын наймаа, луйвар эхний алхам дээрээ бүдэрчихэж мэдэх юм. Тиймээс л үе үеийн Хотын дарга нар хамгийн сайхан байгальтай, харууцтай, төвийн бүсийн эрэлт ихтэй газруудыг ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр гаргаж цааш нь дамласан гэх хардлага байдаг. Тиймээс энэ бүгдийг цэгцэлж газрын наймаачдын гар хөлийг тас цохихгүй бол Улаанбаатар хотын ирээдүй утаатай, түгжрэлтэй, болох болохгүй бүхэн шингэсэн бурангуй хот хэвээрээ үлдэнэ, Н.Учрал сайд аа.

Засгийн газар авлига, хулгайтай тэмцэх “5 Ш” хөтөлбөрийг эхлүүлсэн юм, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаар ахлуулсан “Шилэн” ажиллагааг ахалж байгаа юм бол үе үеийн хоттой холбогдох хүмүүсийн нүүрний арьсыг хуулж, хулгайг нь ил болгож нэг цэгцэлж авмаар байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу