Монгол Улсын Засгийн газар ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийсэн. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар гишүүд сонгогдсон тойрогтоо очиж нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар уулзалт хийгээд ирэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой ч энэ удаа Зөвлөлдөх ардчиллын шугамаар түүврээр иргэдийг бөөгнүүлж уулзаж байгаад шийдчихэж байх юм. Угтаа Зөвлөлдөх ардчиллын санал асуулгаар иргэд Үндсэн хуульд гар хүрч болохгүй ээ гэсэн ч далайсан бол гүйцээ гэдэг шиг эрх баригч нам бяртайгаа гайхуулж хүчээр өөрчлөлтийг зүтгүүлж эхэлсэн.

Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог холимогоор буюу тойрог, намын жагсаалтаар парламентыг бүрдүүлэх юм. Засгийн газраас УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох төсөл өргөн барьсан. Спикерийн захирамжаар УИХ-ын гишүүд тойрогтоо очиж иргэдтэй уулзаж ҮХНӨ-ийн төслөө танилцуулж байна. Угаас иргэд дэмжихгүй гэдэг нь тодорхой 152 гишүүтэй болох саналыг хэлсэн чинь улаан нүүрэн дундуураа буулгуулж, ичих нүүрээ бараад ирцгээж байх юм.

Нийгэм бухимдалтай, амьдралын чанар доогуур иргэд нь хоногийн хоолны асуудлаа ярьж байхад улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд хамгийн доод хэмжээнд хүртлээ унасан үед тавлаж байгаа мэт ингэж яваа нь иргэдэд таалагдсангүй. Угаас 152 гишүүнийг дэмжихгүй гэдгийг МАН-ынхан мэдэж байсан. Одоогийн байгаа тоогоо нэмэхийн тулд зориуд ханасан хэмжээгээр нь өргөн барьж, иргэд дэмжсэнгүй гээд 123 гишүүнтэй болно хэмээн зарлаж, алга ташуулах л тактик хэрэглэж байгаа.

Гишүүдийн тоог 108, 123, 126 болгох гурван хувилбар яригдаж байгаа бөгөөд мухар сүсгээ дагаад өссөн тоогоо дагна гээд 123 гишүүнтэй болох магадлал өндөр байна. Ирсэн гишүүдийнхээ амыг ар дээр нь гартал үгээр алгадаж байгаа харагдсан. Иргэдийн хэлж байгаа ч үнэн. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс хэмээн Б.Чимид агсан хэлсэн байдаг. Тиймээс ойр ойрхон гар хүрч болохгүй гэж захьсан ч зөрж байгаа юм шиг заавал тоог нь нэмнэ гээд дахин хүрч байгаа нь энэ л дээ.

Парламентын босго давах хүсэлтэй халаасны намууд ч эрх баригчдын халаасанд орчихсон. Хэзээнээсээ толгойгүй явж ирсэн тэд утсан хүүхэлдэй мэт аяглах нь улам нэмэгдэв. ҮХНӨ-өөр паралментын гишүүдийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ хэзээ ч 152 болохгүй гэдэг нь маш ойлгомжтой.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу