Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хүргэлээ. /2023.05.15/

Тэрбээр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу өнөөдөр газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж байна. 

Бага талбайтай газарт олон хүн амьдардаг учраас хот дээд зэргийн инженерийн төлөвлөлттэй байх ёстой. Гэтэл өнөөдөр та бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод дээд зэргийн зохион байгуулалтгүйгээр, шахалдаж амьдарч байна. 

Улсынхаа газар нутгийн 0,3 хувьд хүн амынх нь тэн хагас нь оршин суудаг манайх шиг ийм хот дэлхий дээр бараг байхгүй. 

Хотын газар олголтын мэдээллийг нийтэд ил болгохыг олон иргэд өнгөрсөн хугацаанд шаардсан. Тиймээс бид энэ удаад 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх нийслэлийн болон аймаг сумын Засаг дарга нарын олгосон газруудын мэдээллийг ил болгож байна.

Үүнд,

  • Газар эзэмших, ашиглах эрх олгосон – 14,954
  • Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн – 6,329
  • Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн – 8,525
  • Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан – 7,150

гээд нийт 36,958 захирамжийг ил болголоо. 

Тэгэхээр нийслэлийн аль дарга, тухайн үедээ ямар компани, ААН-д газар олгосон, түүнийг нь үндэслэж өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн талаарх мэдээллийг олон нийт харах боломжтой болж байна гэсэн үг.

2020 оны арванхоёрдугаар сарын.31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн үе үеийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө ил тод болгож, байршуулна. 

Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар 20 жилийн хугацаанд 36,000 гаруй газар олголтын захирамжийг гаргасан байна. Үүн дунд хотын дарга асан Э.Бат-Үүлийн гарын үсэг ч байна. МАН-ын гишүүн, хотын дарга нарынх бүр олон бий. Мөн зориулалтыг нь өөрчилсөн газрууд маш их байна. Баримт худлаа хэлдэггүй” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу