Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхий дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа. Уулзалтанд оролцогчид “ажлын байрны болон боловсон хүчний дутагдал их, ур чадвар хангалтгүй” байгаа. Мөн төр болон хувийн хэвшлийн цалингийн асуудалд анхаарлаа хандуулахыг МУ-ын ерөнхий сайдаас  хүссэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна. Мөн МСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Энэ жил хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийхдээ бодлогын асуудлыг шийдмээр байна. Хөдөлмөрийн үнэмлэмж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдье. Зөвхөн төрийн цалингийн асуудлыг ярих биш хувийн хэвшлийн цалингийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Сэтгэл гонсойлгох асуудал ч байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа, төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна.Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт хамрагдан сая орчим төгрөгийн халамжаар амьдардаг өрхүүд ч байна. Ажил хийхгүй халамж аваад амьдрах байдал давамгайлж байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: “Залуусын ирээдүйд итгэх итгэлийг сэргээмээр байна. Ингэхийн тулд асуудлыг цогцоор нь шийдмээр байна. Халамжийг бууруулж, иргэдийн ажил хийх сэдлийг бий болгомоор байна” гэх мэт асуудлуудыг хөндлөө. 

Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа. Ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөц бэлтгэж буй байдалд судалгаа хийх шаардлагатайг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу