Энэ сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын алба хаагчдыг Цогт-Овоо чиглэлийн 46 км авто замын радиусыг цэвэрлэх бүх нийтийн хог цэвэрлэгээнд хамруулах тухай захирамж гаргажээ.

Дээрх цэвэрлэгээнд хамрагдаагүй алба хаагчдын цалин хангамжтай ярих, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэнэ гэж заажээ. Ингэхдээ гадна цэвэрлэгээний багаж хэрэгсэл болон тогтоосон талбайд өөрсдийн унаагаар ирэхийг даалгасан байна.

Энэ захирамжийн дагуу Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллагууд хамрагдах болсны дунд цэцэрлэг сургуулийн багш нар мөн багтжээ.

Тухайн өдөр нь ажлын өдөр байсан тул багш нар хичээлтэй гэдэг шалтгаанаар цэвэрлэгээний ажлыг нэг өдрөөр хойшлуулж тавдугаар сарын 13-ны өдөр буюу амралтын өдөр цэвэрлэгээгээ хийхээр болсон байна.

Гэвч цэвэрлэгээ хийхээр явсан багш замдаа осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Талийгаач эмэгтэй сургуулийн багш ажилтай, дөрвөн хүүхдийн ээж байсан бөгөөд тэрээр цэвэрлэгээнд явж байхдаа Ханхонгор сумын нутаг дэвсгэрт замын хажуу руу онхолдож, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураажээ.

БШУ-ны яамнаас орон нутагт тавдугаар сарын 1-ээс хичээл амрах хүртэл буюу зургаадугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэл хүргүүлээд байсан юм байна. 

Гэсэн ч яамнаас ирүүлсэн чиглэлийг үл тоосон, аймгийн удирдлагын гаргасан хариуцлагагүй шийдвэрээс үүдэн хүний алтан амь эрсдэж, дөрвөн хүүхэд өнчирч хоцорсон харамсалтай хэргийн хариуцлагыг хүлээх эзэн олдохгүй байгаа аж. Түүнчлэн алба хаагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагаанд нэгдсэн зохион байгуулалт хийж, унаа машинаар хангаж өгсөн бол хүний амь хохирохгүй байх боломжтой байсан ч хууль зөрчиж, төрийн албаныхныг хүчээр цэвэрлэгээнд дайчилсан явдалд олон нийт бухимдаж эхэлсэн байна. 

 

2 САНАЛ

  1. Хог цэвэрлэгээ бол аль ч төв суурин газар хийгдэх л ажил.хариуцлаггүй асуудал хаанаа бна гэдэг нь л хэцүү ….

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу