БНХАУ-д Covid-19-ийн шалтгаант нас баралт нэгдүгээр сарын эхэн үеийн оргил үетэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсныг тус улсын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төвөөс мэдэгдэв. Өмнөд хөршид даваа гарагийн байдлаар COVID-19-ийн шалтгаант нас баралт нэг өдөрт 896 бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө нэгдүгээр сарын дөрвөнд нэг өдөрт бүртгэгдэх нас баралт 4273 хүрч байсан юм. 

Түүнчлэн хүндээр өвчилсөн тохиолдлын тоо энэ долоо хоногийн эхний байдлаар 36 мянга орчим байсан нь нэгдүгээр сарын тавны өдрийн дээд түвшнээс 72 хувиар буурсан үзүүлэлт болж байна. БНХАУ-д 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын гурваны хооронд өдөрт дунджаар 10 мянган хүн хүндээр өвчилсөн тохиолдол бүртгэгдэж байв.

Covid-19-ийн халдварын тохиолдол, нас баралтын тоог нуун дарагдуулж байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шүүмжилсний дараа БНХАУ-ын албан тушаалтнууд мэдээллийг илүү ил тод болгоод байгаа юм. БНХАУ-ын Өвчнийг хянан, урьдчилан сэргийлэх төв халуурч эмнэлэгт хүргэгдэх иргэдийн тоо даваа гарагийн байдлаар 12 дугаар сарын 23-ны өдрийн дээд түвшнээс 98 хувиар буурсныг мэдэгдлээ.