Эх орондоо ирсэн эхний “шувуу” Түнжингийн Бадамжунай. Хүний эрхээр Филиппинд амьдарч байгаад монголоо бараадав. Бараадав гэхээсээ илүү Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ, ЭЦА-тай хамтран эх оронд нь авч ирсэн. Албан тушаалын хувьд Хөдөө аж ахуйн сайдаас дээш айхтар сүрхий томроогүй ч эрх мэдэл нь дэндүү том явсан цаг, Т.Бадамжунайд бий. 70 насны босго шүргэж яваа түүнийг хүүхдүүд ойр тойрны хэдэн хүнээс бусад нь төдийлөн анхаарч өгөхгүй байгаа аж.

Шавилхан биетэй шазууртай гэгдэх Т.Бадамжунай нийслэлийн газартай холбоотойгоор нэг биш, хоёр ч биш хэд хэдэн хүний нэрийг АТГ-т хэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг нийслэлийн газрыг дамлах ажилд ханцуй шамлан оройлон оролцсон гэгддэг. Тэгвэл сүүлийн үед намын санхүүжилттэй холбоотойгоор зарим зүйлийн талаар ярьж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Хэн хэдэн төгрөг өгсөн гэхээсээ илүүтэйгээр ямар замаар босгож хэрхэн зарцуулдаг болохыг ярьсан шиг байгаа юм. Т.Бадамжунай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал ил, далд хэлбэрээр намынхаа санхүүжилтийг босгож байсан гэдгийг намынхан нь ярьдаг.

Түүний гар бие оролцсон сүүлийн хоёр сонгууль нь 2016 оны УИХ болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль. 2016 онд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат намынхаа генсекээр ажиллаж байсан ч тойрогт нэр дэвшин Архангай аймаг руу явсан гэдэг. Тиймээс намынхаа гал тогоог үүрч үлдсэн хүн нь одоогийн ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан байв. Намын санхүүжилтээс эхлээд намаа сонгуульд ялуулах том стратегийг зурах даалгавартай хүн гэхэд болно. Тэр ажлаа ч давгүй гүйцэтгэж нам нь сонгуульд 65 суудал авч ялж байсан. Д.Амарбаясгалантай мөр зэрэгцэн сууж байсан хүн нь Т.Бадамжунай.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч М.Энхболд ялагдал хүлээснээр Т.Бадамжунайгийн нам доторх оролцоо багассан байдаг. Нэг үгээр хэлбэл түүний оролцсон сүүлчийн сонгуулийн санхүүжилт генсек Д.Амарбаясгалантай холбогдоно. Генсекийг М.Энхболдтой уулзуулж улс төрд оруулсан хүн нь Ерөнхий сайд асан П.Жасрай агсны хүү гэдэг. Тэр утгаараа М.Энхболд, Т.Бадамжунай нараас Д.Амарбаясгалан холын хүн биш.  М.Энхболд түүнд НИТХ-д дэвших квот олгосноор улс төрийн замналаа эхлүүлсэн байдаг. Харин У.Хүрэлсүх МАН-ын хэвлэлийн албаны дарга болсон юм билээ. Ямартай ч “шувуу” Т.Бадамжунай МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзмаар байна гэж дам хэл өгүүлээд байгаа аж. Гэхдээ энэ удаа МАН-ын генсекийнх нь хувьд уулзах хүсэлтэй байгаа бололтой. Учир нь намын санхүүжилттэй холбоотой зарим зүйлсийн талаар ярилцах зайлшгүй шаардлага бий гэнэ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу