Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр (2023.05.16) мэдээлэл хийлээ. Тодруулбал, дулааны улирал эхэлж байгаатай холбоотой унадаг дугуй болон цахилгаан дугуйны хэрэглээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл өгсөн юм. 

Мөн НYБ-аас жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг “Урьтаж ухаар” уриан дор энэ оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд байгуулахаар дэлхий нийтэд зарлажээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоногийг тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Явган зорчигч, унадаг дугуй болон нийтийн тээврийн хэрэгслээр таатай зорчих боломжийг бүрдүүлэхийг улс орнуудад энэ удаагийн арга хэмжээгээр уриалсан юм.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир дараах тайлбарыг өгсөн юм.– “Сүүлийн 5 жилийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас 500 хүн нас барж, 3400 хүн гэмтсэн байна

Энэхүү судалгаанаас харахад сүүлийн 5 жилд зам тээврийн ослын улмаас 581 явган зорчигч, 865 тээврийн хэрэгслээр зорчигч. 10 унадаг дугуйгаар зорчигч амь насаа алдсан байна. Эдгээрээс 5-29 насны хүмүүс нь хамгийн гол анхаарал хандуулах зорилтот бүлэг болоод байна. Зам тээврийн ослоор нас барсан 4 хүн тутмын 1 нь явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч байдаг.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын зуны амралт эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөн сүүлийн үед эрс нэмэгдээд байна. Иймээс ТЦА-наас осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг бэлтгэж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Жишээ нь, “Аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг төрийн болон төрийн бус 291 ЕБС-д өчигдрөөс (2023.05.15) хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Мөн иргэд журамд зааснаас бусад чиглэлээр хөдөлгөөнд оролцож байна. Зориулалтын унадаг дугуйн замгүй үед зорчих хэсгийн баруун хэсгээр явна. Саад тойрохоос бусад үед зүүн эгнээ рүү шилжихийг хориглодог. Гэвч сүүлийн үед цахилгаан скүүтэр, мопед өргөнөөр хэрэглэх болсон. Ингэснээр хяналтгүйгээр хөдөлгөөнд оролцож урсгал сөрөх, эгнээ байр солих зөрчил нэмэгдэж байгаа. Энэ нь осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Яг энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Зүрхэнд гэрэлтэх од” УСК хийсэн. Энэ бол том нөлөөллийн ажил гэж болно. Цаашид ч мөн олон ажлуудыг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу