Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоор ажиллаж байгаа юм. Томилолтоо БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Ким Хён Гитэй уулзсанаар эхлүүллээ.Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ, “Улаанбаатар хотын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжих, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах зохицуулалтын журмыг НИТХ-д өргөн барьж, өөрсдийн хэм хэмжээндээ зохицуулалт хийхээр ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож, хөрөнгийг нь гацаадаг олон бэрхшээл өнгөрсөн түүхэнд үлдээсэй гэж хүсэж байгаа. Түүнчлэн УИХ-ын 26 гишүүнээс бүрдсэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороог УИХ-д анх удаа байгуулж, хотын хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн зохицуулалтыг батлуулсан. Бид Улаанбаатар хотыг орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын сав газрыг хөгжүүлэн тохижуулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байна”
Мөн тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байр сууриа илэрхийлсэн юм.
Харин Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги,“Улсын нийслэл бол хөгжил цэцэглэлтийн хажуугаар хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний ачаалал, орон сууц, хүрээлэн буй орчин гэхчлэн олон талын асуудлыг агуулж байдаг. Сөүл хот өөрсдийн баримталсан бодлого, арга барил, туршлагаараа дамжуулан Улаанбаатар хоттой хамтран ажиллана. БНСУ-д олон монгол иргэд амьдарч байгаа тул Сөүл хотод аюулгүй, тайван амьдрах боломжоор хангахад анхаарах болно” гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу