Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ-ийн төслийг танилцуулан санал аваад ирсэн билээ. 

Иргэдийн саналын талаар өнөөдрийн /2023.05.16/ УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар гишүүд танилцуулж, хэлэлцсэн байна.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн бүлгийн хураар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг хэлэлцлээ.

Эрдэмтэн, судлаачдын зүгээс 76 дарга биш, бага ард түмний төлөөлөл болсон 152 хүн байх нь зөв гэж үзсэн. Тиймээс 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг нь нийгмийн бүлгийг төлөөлөх, пророциональ буюу хувь тэнцүүлэх зарчмаар сонгох  саналыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 

Харин иргэдийн санал бол УИХ-ыг 152 гишүүнтэй болгохыг дэмжихгүй байна. Гишүүдийн тоог давхарлаж нэмэх нь тохиромжгүй. Гэхдээ нэмэх нь зүйтэй гэдэг саналыг иргэдийн дийлэнх нь хэлж байна. Тэгэхээр 152 гэдэг тоог бууруулна. 

Бид нийгмийн хүсэл, иргэдийн санал дээр тулгуурлан шинжлэх ухааны тооцоо, үндэслэлтэйгээр, ирээдүйгээ харсан шийдвэр гаргах ёстой. 

Цар тахлаас болоод төр, ард түмний итгэл холдож, гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Тиймээс гишүүдийг тойрогтоо очихоор иргэд нийгмийн бухимдлаа илэрхийлж байгаа нь зүй ёсны үзэгдэл.

Ковид, дайн байлдаанаас шалтгаалаад бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өссөн байна. Иргэдийн амьжиргаа маш их доройтсон байна. Энэ асуудлыг өнөөдрийн бүлгийн хурлаар тойрогтоо ажилласан гишүүд бүгд ярилаа. 

Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудал их байна. Нэн ялангуяа төрийн албан хаагчдын доод цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Төрийн үйлчилгээний ажилчид гар дээрээ 480 мянган төгрөг авдаг. Энэ нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар, үнийн өсөлтийн талаар хэлж байна. Тиймээс Пүрэв гарагт чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөө ярихдаа гарц, шийдлүүдийн талаар ярилцахаар төлөвлөсөн” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу