Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд ажиллажээ. Аж ахуй эрхлэгчидтэй уулзах үеэр тус компаны хүлэмж нь “Нэг дор 10,000 үрсэлгээ гаргаж, сард 20 тн, жилд 150-200 тн ургац хураан авах хүчин чадалтай. Мөн цаашид 20.000 кв.м шилэн хүлэмж ашиглалтад оруулж, нарийн ногоог төрөлжүүлэн тариалах, 50-70 тогтмол ажлын байр бий болгох, импортын бүтээгдэхүүнийг орлох 1.500 тн нарийн ногоо зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн” тухай танилцуулжээ.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 127 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн дэмжлэг хэлбэрээр олгохоор улсын төсөвт тусгаад байгаа юм. Үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор болсон билээ.

Тухайлбал мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.2 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум, хүнсний боловсруулах, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг олгоно. Мөн арилжааны банкууд 2023 он 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 334 зээлдэгчид 26.2 тэрбум төгрөгийн зээл олгож, 500 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байгаа юм.Арилжааны банкны шалгуур өндөр байдаг тухай аж ахуй эрхлэгчид ярьдаг. Иймээс тэднийг Зээлийн батлан даалтын санд хамруулахаас гадна тухайн аж ахуйн нэгжийн хурааж авах ургац, агуулахад байгаа бараа бүтээгдэхүүн зэргийг нь барьцаалж зээл олгодог байх боломжийг ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эрэлхийлж буй тухай хэлсэн юм.Мөн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлж, стандартын шаардлага хангасан өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногооны тн тутамд 100,000 төгрөгийн урамшуулал олгон, хүлэмж болон тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас 100 хувь чөлөөлсөн нь том дэмжлэг болж байгааг хүлэмжийн аж ахуй эрхлэгчид онцолжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу