Сонгууль угтсан солиорол улс төрийн хүрээнд өндрөө авч байна. Ирэх парламентад гишүүний тэмдэг энгэртээ зүүж, төрийн ордны дөрвөн давхар саарал байшингийн босгыг илээх Харвардтангууд амь орж эхлэв. Огт танигдаагүй тэдний хувьд сэдэвтэй болж зууралдахгүй бол өдөр бүрийн мэдээллийн урсгал дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг тийм ч амар биш. Тиймээс эхнээсээ Боловсролын зээлийн сангийн нээлттэй мэдээллийг барьж авчээ. Ард түмний хайртай хүү болохын тулд шударгын туг хатгах гэж хичээж байгаагаас харж болно. Ганцхан жилийн дотор танигдаж амжихгүй бол тойрогт очоод “нугаслуулна”. Иргэдийн сонголт Харвард төгссөнд бус танигдсан, нутаг ус гэх жалганы сонголтдоо хөтлөгддөг.

Ирэх сонгуулиас өмнө танигдах пи ар-аа эхлүүлсэн хүнээр МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал тодорч байна. 2024 оны сонгууль 76 гишүүн тойргоос, 50 гишүүн намын жагсаалтаар орж ирэх урьдчилсан зураг бэлэн болсон. Намын жагсаалтын эхний 15 дотор багтахгүй бол парламентын гишүүн гэдэг мөрөөдөл төдий үлдэнэ гэсэн үг. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуульд гадаадад их дээд сургууль төгссөн залуу үеийг намын жагсаалтад оруулна гэдгээ мэдэгдсэн. Боловсролоос гадна бэл бэнчингийн хэмжээ энэ жагсаалтад давхар тавигдана. Тиймээс мөнгө тааруу нөхдүүд жагсаалтын хойшоо сунаж хоосон үлдэх магадлал маш өндөр. Ялангуяа МАН-ын нэр хүнд шалаар нэг болсон үед хэцүү л дээ. Тиймээс тойрогт нэр дэвшихийн тулд иргэдэд танигдах акцыг эхлүүлсэн байх юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан “Харвард”-тан О.Батнайрамдал гэхэд Ховдыг чиглэсэн пи ар-аа эхлүүлжээ. Тэрбээр дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа суудлын бөглөөс хийж явснаас танигдаж амжаагүй. Уг нь дэд сайдын суудал гэдэг сэргэлэн хүний хувьд аятайхан танигдаад, өөртөө эерэг оноо цуглуулах алтан боломж. Гэсэн ч дэд сайдын суудлыг ашиглаж нефть импортлогч хэдэн компанитай уулзаж, тав гурван төгрөг нааш цааш гүйлгэснээс өөр зүйл хийгээгүй. Үүнийг нь ч нефть импортлогч нар ярьсаар байдаг.

Дэд сайдын ажлаа өгөөд МАН-ын нарийн бичгийн даргын дүрээр тэр улс төр хийх боломж гарч ирэв. Гэсэн ч О.Батнайрамдал МАН-ынхан л үеийн үед Боловсролын сайдаар ажиллаж ирснийг мэддэг хэрнээ өчигдөр Боловсролын зээлийн сангаар мэдээлэл хийж харагдсан. Хэвлэл бөөгнүүлж байгаад үе үеийн сайд нараас АН-ын ганц сайд Л.Гантөмөрийг л нүдэж байна лээ. Уг нь намынх нь ах нарын үед л гарсан зээл гэдгийг О.Батнайрамдал мэдэж байгаа. Тэдний үед ч зээл чөлөөлөгдсөн гэдгийг ч мэднэ. Намын ах нараа гөвж чадахгүй ганц хүн рүү ноцох явуургүй арга яг л МАН-ынханы хийдэг мэх. Барьцаа ахиулах гэж байгаа бол намын ах нартайгаа бас тэмцэх хэрэгтэй. Гэхдээ улиг болсон сэдвээс хальж өөр сэдэв олж ав. Дэд сайд байхдаа өөрийгөө харуулж чадаагүй хүн ч дээ, одоо танигдана гэдэг юу л бол. Эрх баригч намын нарийн бичгийн даргын ядруухан мэдээлэл түүнд эерэг үр дүн авчрах гэхээсээ илүү намаа шороотой хутгаж байгаагаас харвал нарийн бичгийн суудалдаа ч гологдохоор залуу аж.

Ховдод нэр дэвших гэж байгаа бол энд явахгүй сэдвээр улс төрийн жүжиг тавьж байхаар Ховддоо очиж хэвтээд гудамж метрлэн хэдэн хүнтэй танилцаад явбал илүү үр дүнтэй дээ. Гэсэн ч цагаан гартан О.Батнайрамдал борог амьдралтай иргэдийн дунд орохоосоо илүү хэвлэлийн баатар болохыг илүүд үзэж байгаа гэдэг нь харагдав. Ховдынхон амьдрал мэддэг хүн сонгох уу, “Харвард” төгссөн гэх цагаан захтнуудын эгнээг тэлэх үү гэдэг сонголтоо хийх нь дээ. Эрх баригч намын нарийн бичгийн дарга хүн их л ядмагхан улс төр хийж байх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу