МАН-ыг мангартаж байхад Ардчилсан намынхан уг нь ангалзаж байх ёстой юм. Гэтэл… Гэтэл тэдэнд тийм ухаан алга. Зориг алга. Хүсэлт ч алга. Алдаа бүхэн нь нүдэн дээр ил МАН-аас оноо салгаж чадахгүй байгаа Ардчилсан намынханы ямархан байгааг илтгэнэ. Ирэх жил сонгуульд орно гээд байгаа юм. Иргэдийн амьдрал тартагтаа тулж, улс орон бүхэлдээ ядуугийн зовлонд нэрвэгдэж байхад сөрөг хүчин иргэдтэйгээ адилхан хүчгүй, сул байж болохгүй. Өнөөх л нам доторх хагарал, бутрал нь үргэлжилсээр. Өмнөхөөсөө арай дээрдсэн нь Л.Гантөмөр гэж ганц намын даргатай болсон ч өөр дээрдсэн юм алга. АН-ын эрээ цээргүй хэдэн залуус сошиалд солиорч байгаагаас өөр гялтайх зүйл байсангүй. Цагаан цамцан дээр цэнхэр зангиа зүүж, үсээ тольдохоос өөр ажил үнэндээ алга, тэдэнд.

Эсвэл Ардчилсан намынхан МАН-ынхан шиг амьдралаас тасарчихаад зовлон мэдэхээ больсон хүмүүс үү. Сошиалд үгээ хэлж байгаа нь ёс зүйн ямар ч хэм хэмжээгүй, эрээ цээргүй хэдэн хүн л шаагиад өнгөрөөс бодлогын зүйл, гарц шийдэл ярьж байгаа хүн байхгүй юм. Эрх баригчдаа дагаад ҮХНӨ хийнэ, гишүүдийн тоог нэмнэ гэчихсэн тууж явна. Ходоодондоо хоолгүй, халаасандаа мөнгөгүй иргэдийн өмнөөс ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмнэ гэж яваад тархиа хага цохиулах вий. Цээжний хэмжээгээрээ улс төрийг ойлгож, ярьдаг цаг өнгөрсөн. Сөрөг хүчин байж эрх баригч нар шиг амьдралаас тасарсан тэднээс хүлээх зүйл байна уу.

Гараад алхахад гудамжаар дүүрэн сэдэв хөглөрч байхад нам дотроо фракц байгуулж, намын даргаа дэмжихгүй байна гэхчилэн элий балай зүйлээр их цагаа үрж байна. Л.Гантөмөрөө сөрж байхаар эрх баригч намынхаа өмнөөс сөр. Иргэдийн бухимдал аль зэрэгт хүрснийг эрх баригч намын гишүүд тойрогтоо очоод балбуулж байгаагаас харахгүй байгаа юм уу. Улс төрд орох хүсэлтэй залуус нь намын байраа тойрч бөөгнөрөхөөс хөдөө орон нутагт очиж иргэдийн хонь ямааг хамт самналцаж, аяга хоолыг нь хувааж идээд амьдрал үзээд явж баймаар цаг юмсан. Долоон буудлын Должин эмгэнд усыг нь дөхүүлж өгөнгөө улс төрийн талаар ярилцаж, улс төрд орохоор яваагаа дуулгаж суумаар байх юм. Түүнээс биш хэн нэгнээр бичүүлсэн ухаантай үгэн дээр гоё зураг нэмж түлхээд улс төр хийдэг цаг өнгөрсөн. Бүхэл бүтэн улс төрийн нам байна даа. Наад Гантөмөр чинь дотоод асуудлаа шийдчих л байлгүй. Харин залуу үедээ боломж олго гэж цахим хуудастаа дэмийрч байхаар Увсдаа оч, Дорноддоо оч, Сэлэнгэдээ оч… Бүх аймгууддаа очоод аймгийн намын хороогоо хөл дээр нь бат зогсоочихоод би бэлэн гээд байж байдаггүй юм уу. МАН мангартаж л байхад та нар ядаж ангалзаж баймаар байна, Ардчилсан намынхаан.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу