Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Соёлын сайд Ч.Номин2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар байрлаж буй соёлын байгууллагуудын ажилчин, албан хаагчид таван жил тутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох талаар тусгасан байдаг. 

Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас өнөөдөр баталлаа.

Улсын хэмжээнд соёлын салбарын 452 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагын 432 нь хөдөө орон нутагт байдаг. Энэ 432 байгууллагад ажиллаж байгаа 4,470 албан хаагчдаас 3,002 хүнд таван жил тутам, зургаан сартай дүйцэх тэтгэмж олгохоор болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй соёлын салбарын ажилчдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой боллоо.

Соёлын салбарт ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригддаг. Тэдний үндсэн цалин бусад төрийн байгууллагын ажилчдаас доогуур байна. Энэ бол сүүлийн 20 гаруй жил соёлын салбарт бугшсан, Соёлын яамгүй байснаас болж үүссэн асуудал. 

Одоогоор соёлын салбарын ажилчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа. 452 байгууллагын 6,245 ажилчин ийм хэмжээний цалин авч байна. Энэ нь бусад төрийн байгууллага болон боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувь бага. 

Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш салбарынхаа ажилчдын цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэсэн ч бусад салбаруудтай харьцуулахад бага хэвээр байна. 

Соёлын салбарын ажилчдын төлөөллүүдтэй уулзаж, ярилцахад дараах хэд хэдэн асуудлыг хэлсэн. Тухайлбал, 

  • Цалин хөлс бусад төрийн салбарын ажилчдаас доогуур байна.
  • Авч байгаа цалин амьжиргааны түвшинд хүрэлцдэггүй.
  • Бидний онцлог нөхцөлийг ойлгож, үндсэн цалин, урамшууллыг тааруулж, тохируулж өгөх
  • Инфляцтай уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг хэлсэн.

Эдгээр саналуудыг тусгаж, авч үзээд, сүүлийн хоёр жилийн хугацаанд ХНХЯ, Сангийн Яамтай хамтарч 12 удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр бид өнөөдөр тодорхой шийдэлд хүрч байна.

Соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ.

Цалин хөлсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цалингийн сүлжээ, нэгдсэн системийг бодож зохицуулахыг үүрэг болгосон. 

Тэгэхээр соёлын салбарын цалин энэ ондоо багтан боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцэн орж ирэхээр байна” гэлээ. 

           

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу