Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “2022 оны байдлаар төсвөөс цалинжиж байгаа 225 мянган албан хаагч байна. Үүний дотор төрийн үйлчилгээнд 152,2 мянган хүн ажиллаж байна. Эдгээр албан хаагчдын 65,3 хувь нь буюу 100 мянга орчим нь Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй гэсэн тооцоо гарсан. Бусад нь буюу 52,7 мянган алба хаагчид нь төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна гэсэн үг. 

Тоон мэдээллээс харахад, төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлийнхээс 400 мянга орчим төгрөгөөр бага байдаг. Цалин хангамжийн хувьд төрийн үйлчилгээний алба хаагчид хамгийн их бухимдалтай байгаа.

Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн.

Тэгэхээр төсвийн тодотгол хийж, нэн түрүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэт ялгаатай байдлыг тэгшитгэх байр суурийг баримтална. 

Монгол Улсын 225 мянган төрийн албан хаагчаас гадна төрийн өмчит компанийн 75 мянган албан хаагч, нийт 300 мянган буюу нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 26 хувь нь төртэй холбоотойгоор ажил хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс цаашид төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулах шаардлагатай.

Төсвийн тодотголоор нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээ, үүн дотроо эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ” гэлээ. 

         

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу