Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг хэлэлцэж, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Энэ удаад бид тусгай хэрэгцээт иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудтай уулзаж, санал солилцож байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого, шийдвэртээ тусгахаар энд холбогдох албаны хүмүүс ч ирлээ. “Аль аль талдаа ойлголцож, нэг нэгнийхээ асуудлыг сонсох, шийдвэрлэхэд бидний уулзалтын гол зорилго оршино” гэлээ.

Мөн иргэдийн амьдрах, ажиллах, зорчих ая тухтай орчныг бүрдүүлэхээр батлан хэрэгжүүлж буй Хотын стандарт, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар эдгээр стандартад ямар заалт, шаардлагуудыг багтаасан талаарх мэдээллийг Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа танилцуулсан юм.

Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг замын чиглүүлэгч хавтангийн стандартыг баталсныг тэрбээр онцолжээ.

Түүнчлэн одоо тулгамдаж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх, цаашид зам талбайн тохижилт, засвар хийх, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу