Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Уулзалтын үеэр МХҮХ-ны гишүүд, харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тулгамдаж буй асуудлуудын талаар хуваалцаж, санал, хүсэлтээ уламжилсан юм.

Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь зорчих хөдөлгөөн байдаг. Тухайлбал, явган болон нийтийн тээврээр зорчиход хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгардаг, энэ нь өдөр тутмынх нь амьдрал, ажилд нөлөөлж байгааг онцолж байлаа.

Явган хүний зам чиглүүлэгч хавтангүй, байсан ч энэ нь стандартын бус, хальтирдаг тул үүнийг шийдэхэд анхаарах хүсэлтийг гаргаж байв.

Түүнчлэн явган хүний зам дээр шон, мод байдаг нь тэдний зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, цаашлаад эрүүл мэнд, аюулгүй байдалд нь ч нөлөөлдөг. Гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбайд тогтсон шалбааг, тогтоол ус, замын энхэл донхол ч тэдний зорчих хөдөлгөөнийг ч хязгаарлаж байгаа юм. Нийтийн тээврээр зорчиход автобусны буудлаа зарладаггүйгээс төөрөх тохиолдол олон гардгийг тэд онцолж байлаа.Улмаар иргэдийн хүсэлт, хэрэгцээ, шаардлагыг харгалзан, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа  З.Төмөртөмөө мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу