Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Партизаны талбай”-д “Ажлын байрны өдөрлөг” боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ МСҮТ, Шаамар МСҮТ, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Илч хужирт” ХХК, “Эсмон констракшин” ХХК болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, 17 сум, 6 тосгоноос Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцож байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд ажил олгогчоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны зарыг иргэдэд нээлттэй зарлаж байгаа юм. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдлэг олгох, ажилгүй иргэдийг ажил олгогчтой холбон зуучлах, зөвлөгөө өгөх. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бүртгэх болон төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явагдаж байгаа аж. 

Сэлэнгэ аймгийн ХХҮГ-Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Ганцолмон: “Энэхүү “Ажлын байрны өдөрлөг” үйл ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ жил нийт 470 ажлын байрны захиалгатай, оролцогчдын тоо өссөн зэрэг эерэг үзүүлэлттэй болж байна. Мөн 70 иргэний 24 нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаанд уул уурхайн чиглэлийн томоохон компаниуд иргэдтэй уулзаж, шууд ажлын байранд бүртгэж зуучлах арга хэмжээ болж буйгаараа онцлог” гэжээ.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК өнгөрсөн онд хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу постерийн системийг 14/14 ээлж болгон 100 хувь хэрэгжүүлсэн байна. Мөн ажлын байрыг 36 хувиар нэмэгдүүлэн ажил үйлсээрээ тэргүүлж, “Нийгмийн хариуцлагатай ажил олгогч” байгууллагаар шалгарчээ. Түүнчлэн хүний нөөцийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах бодлого баримтлан ажилладаг юм байна. Хүдэр сумын өрхийн үйлдвэрлэгч М.Уранчимэг: 2019 онд аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 5 сая төгрөгийн зээл авчээ. Түүгээрээ тоног төхөөрөмжөө сайжруулж өдөрт 40ш талх үйлдвэрлэдэг байсан бол одоо өдөрт 75 ш талх үйлдвэрлэдэг болсон байна. Тэрээр гэр бүлийн бизнесээ тогтвортой хөгжүүлж ажлын байраа тогтвортой хадгалан, өөрийн үйлдвэрлэдэг “Буриад талх”-аа сумын брэнд бүтээгдэхүүн болгож чаджээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу