Нийгэм бүхэлдээ хямарсан байна. Хурдхан засаж авахгүй бол энэ чигтээ цааш явж мэдэх нь. Засаж чадахгүй бол цаашаа хавцал руугаа харвана. Өнөөдрийн бидний амьдарч буй цаг хугацаа Монгол Улсын хар дарсан он жилүүдийн гэрч болох уу гэдгийг олон хүн асуух болж. Хулгайд нэрвэгдсэн монголчуудын амьдрал нэг их гэгээн зам татуулсан байдлаар бичигдэхгүй байх. Нийгмийн бухимдал асар өндөр байгааг цахим орчноос харчихаж болно. Сошиалд шагайгаад гарахдаа л хүн хараачихдаг, зөрөөд өнгөрөхдөө гоочлоод салдаг монголчуудын хойчис ямархан төлөвшилтэй биднийгээ дэнсэлж суух юм бол. Тэр цагийн иргэд өнөөдрийн төрийн сэнтийд байгаа Монгол төрийн эзэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарыг шүтэх үү, нүдэх үү. Нүддэггүй юмаа гэхэд шүтэх ямар ч боломж алга.

Монгол Улсын сүүлийн долоон жилийн түүх тэдэнд хамаарна. Түүний өмнөх дөрвөн жилийг АН-д нааж болох ч түүнээс өмнө түүх мөн л МАН-д хамааралтай. Төрийн эрх барьж байгаа тэдний хувьд хийсэн ажил, гаргасан шийдвэр бүр нь нүдүүлэх болзлоо хангасан гэдгийг гудамжинд яваа захын нэг нь хэлээд өгнө. Бидний сайн санаж байгаагаар 2016 оноос У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дөрвөл гар нийлэн төрийн хэрэгт ханцуй шамалсан. Долоохон жил өнгөрчээ. Долоон жилийн өмнө дөрвөн мянган километр зам тавьж, 120 мянган өрхийг орон сууцанд оруулж 100 жил МАН-ын хийгээгүй их бүтээн байгуулалтыг авчирсан АН-ыг хэмх нүдээд гарч ирсэн. Нүдэх нүдэхдээ нэг ам.доллар 17 боодол Монгол төгрөгтэй тэнцэж байна. 

Энэ бол аюул, энэ бол аймшиг гэсээр Төрийн ордонд ч төв талбайд ч тэмцэж байсныг нь санаж байна уу. Гэр хорооллын иргэд өлсгөлөнд нэрвэгдлээ, талх таллаж байна хэмээн сурталдаж хошин шогчидоор “гуялах уу” контент хийлгэн нэвт гэрэлтсэн гялгар уутанд тал талх санжигнуулан яваа урлагийн одын гуйлгачны дүр гачлантайяа түгж байлаа. Тэр хавар урлаг, спортын бүхий л одод амны билиггүйгээ гайхуулж, ядуурал, гуйланчлалыг сурталдаж байв. “Долоон хар ямаатай, доголон хүрэгч үнээтэй үгээгүй ядуу эмгэн, өвгөн хоёрын үлгэр манайхаас баян байна” гэсэн хошин шогийн номер ард түмнээс алга ташилт авч, элгийг нь хөшөөж байсныг бид мартжээ. МАН-ын Пи-Арчид Ванга эмээгээс зөнтэй юм. Энэ шиг үг, үсгийн зөрүүгүй үнэн таарсан зөгнөл дэлхийд ганцхан хувь билээ. 

2016 онд монголчууд долоон хар ямаатай үгээгүй ядуу өвгөнөөс ч ядуу байж 17 боодол нэгтийн дэвсгэрт тэвэрч очоод ганц муу ам.доллар авдаг байсан юм бол өнөөдөр… Үгээгүй хоосны туйл, ядуу гуйланчлалын ёроол руу улам уруудан гулссан уу гэхээс өөдөө өгссөн нь үгүй, 35 боодол Монгол төгрөгөөр ганц ам.доллар авч байгаа юм чинь. Тэр үед талх таллаж, гуялаж байсан нь үнэн юм бол одоо будаа ширхэглэхдээ тулаа байлгүй. Бензин, гурил, будаа, талх, тариа бүх зүйлийн үнэ багадаа хоёр дахин нэмэгдчихээд байна. Олох орлого татарч, авах татвар нэмэгдсэн энэ төрийн нүүрэнд өлсгөлөнгөөр хүн үхлээ гэвэл гайхах юмгүй болж. “Их хэцүү орчлонд ирж мөн ч их юм үзлээ дээ” хэмээн гансрах ганц бие хөгшний аж байдалтай дэндүү адилхан Монголын нийгмээс маргаашийг олж харахад хэцүү.

2020-иод оны Монгол төрийн эзэд У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн дөрвөл 10-аад жил засаглаж, 100-аад жил амьдраад буцахдаа мянган жил хараалгах нүглийн нүхээ ухчихаад байгаа юм биш биз. Гумилев нэгэнтээ “Би монголчуудыг өмөөрөөгүй. Тэд бусдаар өмөөрүүлэх тийм бага түүхтэй ард түмэн биш” гэсэнсэн. Дэлхийн ард түмний түүхийн хуудсаас их өлсгөлөн, хямрал гэж тэмдэглэгдсэнийг харж байсан болохоос талх таллаж идсэн тийм бага өлсгөлөнгийн түүх байдаггүй. Одоо л нэмэгдэж байна. Талх таллаж өлссөн түүх бол 70 сая малтай гурван сая Монгол хүнийг удирдсан У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан түүний 76 шадар түшмэлийн түүх билээ. 

Ард түмэн талх таллаж, будаа ширхэглэж байгааг Монгол төрийн өндөр сэнтийд суусан эдгээр эрхмүүд 2016 онд мэдэж байсан юм чинь одоо хэлэх нь илүүц. Долоон жилийн турш хийгээгүй ажлыг хийнэ гэдэг худлаа. Тиймээс талх талласан энэ өлсгөлөнгийн түүхийг ирээдүйд зориулан сурвалж болгон тэмдэглэж үлдээлээ. Монгол түмний 2030-аад оны түүхэнд ч энэ дөрвийн нэр тодоос тод бичигдэнэ. МАН ч Монголыг мөлхүүлж байна даа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу