Монгол Улс АНУ-тай “Нээлттэй тэнгэр” бодлого хэрэгжүүлж богино хугацаанд хямд үнээр агаарын тээврээр зорчих боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.  Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурсныг Зам, Тээврийн хөгжлийн яам  мэдээллээ.

Энэ нь  Монгол Улс-АНУ хооронд байгуулах агаарын тээврийн салбарын анхны хоёр талт хэлэлцээр бөгөөд хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниудад шинэ боломжууд бий болгоно гэж талууд онцлов. АНУ нь 130 улстай, түүний дотор Европын Холбоотой Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан байдаг аж. Эдгээрийн 27 улс нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй байна.

Монгол Улс энэхүү хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэх ажээ.

“АНУ руу 2024 оноос шууд нислэг үйлдэхэд өргөн биетэй онгоц шаардлагатай. МИАТ компани карго тээвэрлэх боломжтой өргөн биетэй алсын зайн нислэгийн онгоц болон түлш бага зарцуулдаг нарийн биетэй алсын зайн нислэгийн онгоц худалдан авахаар ажиллаж байгаа, үйл явц 90 хувьтай явагдаж байгаа”-г МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхтамир мэдээлж байсан юм.