Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас /МҮХАҮТ/ хамтран 2022 оны шилдэг 100 аж ахуй нэгжийг тодруулан, өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2023.05.18/ Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ёслолын арга хэмжээг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын Топ 100 АНН-ийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ чухал ажлыг зохион байгуулсан байгууллагууддаа талархлаа. 

2022 оны топ 100 ААН-ийн борлуулалтын орлогыг өмнөх жилийнхтэй харьцуулахад 3 их наяд төгрөгөөр өссөн байна. Нийтдээ 38,4 их наяд төгрөгт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай тэнцэхээр байна. Эдгээр байгууллагуудын төлсөн татварын нийт хэмжээ 4,3 их наядад хүрсэн нь нийт татварын орлогын 28 хувийг, ажиллагсдын тоо нь 71,2 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6,2 хувьтай тэнцэж байгаа гэсэн статистик гарчээ.

2022 оны топ 100 ААН-д зөвхөн хувийн өмчит ААН-үүдийг эрэмбэлэн шалгаруулж буйгаараа өмнөх жилүүдээс онцлох зүйл болж байгаа.

Мөн Топ 100 ААН-ийн салбарын бүтцэд ихээхэн өөрчлөлт оржээ. 

Сүүлийн зургаан жилтэй харьцуулахад худалдаа үйлчилгээ, газрын тос, хүнсний болон хөнгөн ААН-үүдийн тоо нэмэгдсэн байна. 

Энэ жилийн топ 100 ААН-ийн 20 хувь нь экспортлогч компани байна. Үүний дотор 9 нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортлогч компаниуд байна.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгээр хөгжүүлэх, дотоодын бизнес эрхлэгчдэд урт хугацаатай, хямд эх үүсвэртэй санхүүжилтийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хувийн хэвшлийг дэмжих нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой. Тиймээс үүнийг дэмжих зорилгоор бид Санхүүгийн зохицуулах хороотой хамтран топ 100 ААН-ийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг өнөөдөр үзэглэж, цаашдын хамтын ажиллагаагаа эхлүүлж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу