Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Уурхайчин Соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин Даваасүрэнгийн Дагвадорж И.Дунаевскийн нэрэмжит Олон Улсын уралдааны таван төрөлд шагнал хүртлээ.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII уралдаан ОХУ-ын Москва хотод болжээ. Тус уралдааны финалын шатанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени, Гүрж, Иран, Грек, Израиль болон Монгол зэрэг орны 260 гаруй дуучин шалгарч үлдсэн байна.
Улмаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Уурхайчин Соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин Даваасүрэнгийн Дагвадорж 35+ насны ангилалд таван төрлөөр шагнал хүртжээ.
Тэрбээр,
  • “Академик буюу Сонгодог дуурийн дуу”- ны төрөлд тэргүүн байр
  • “Эстрадын дуу”-ны төрөлд тэргүүн байр
  • “Эх оронч дуу”- ны төрөлд тэргүүн байр
  • Исаак Дунаевскийн урын сангийн “Шилдэг дуучин”
  • Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд гардуулж буй С. Рахманиновын урын сангийн “Шилдэг дуучин” шагналын эзэн болсон байна.

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Д.Дагвадорж нь, 2019 онд Бүгд Найрамдах Буриад улс, ОХУ-д зохиогдсон Байгаль нуур дахь Олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Тэргүүн байр, 2020 онд Бүгд Найрамдах Буриад улсад болсон ЗХУ-ын Ардын Жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин, Бүгд Найрамдах Буриад улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат профессор Дарима Линховоины нэрэмжит шагнал, Итали улсын Неаполь хотноо болсон Энрико Карузогийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “Vencero-2021” уралдааны Дипломант, ЗХУ-ын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “Эрэгтэй дуу хоолой-2022” VI уралдааны Тэргүүн байр, Бүгд Найрамдах Болгар улсын Пловдив хотноо зохион байгуулагдсан Камен Чаневын дурсгалд зориулсан Олон улсын дуурийн дуулаачдын “The Voice of Kamen-2022” Анхдугаар уралдааны Тусгай байр, 2023 оны нэгдүгээр сард ОХУ-д зохиогдсон Хибла Герзмавагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачид болон концертмейстеруудын I уралдааны 38 орны 800 гаруй дуулаачдаас шалгарч “Дуурийн шилдэг 16 дуулаач”-ийн нэг цол хүртсэн дуучин юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу