Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Айлчлалын талаар мэдээллийг тоймлон хүргэе.

I. Монгол – Францын харилцааны түүх

Юун түрүүнд, хоёр улсын харилцаа хэзээнээс эхлэлтэй, одоог хүртэл ямар түвшинд явж ирсэн талаар товч хүргэх нь зөв биз ээ.

Монгол-Франц хоёр улсын харилцаа, холбоо анх XIII зууны үед элчийн харилцааны хэлбэрээр үүсэж байжээ. Францын есдүгээр хаан Людовикийн зарлигаар томилогдсон элч Рубрук 1253 онд Их Монгол Улсын Хархорумд ирж, их хаанд бараалсан аж. Элч Рубрукын бичиж үлдээсэн Монголын эзэнт гүрнээр аялсан тэмдэглэл нь дэлхий дахинаа алдартай болжээ. Хоёр улсын харилцаа ингэж эхэлсэн түүхтэй.

Үүнээс хойш Франц Улс нь манай улсыг НҮБ-д элсэх өргөдөл гаргахаас эхлээд тууштай дэмжиж, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1990-ээд оноос манай улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг бүх талаар дэмжиж ирсэн улсуудын нэг.

Эммануэл Макроны хийж буй энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй анхны айлчлал юм. 

II. Айлчлалын үеэр юу хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг тавдугаар сарын 21-ны 19:45 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд  угтан авлаа. Улмаар тэд Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцлаа.

Мөн харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Улмаар хоёр орны хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Үүнд:

  1. Хоёр улсын хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, иргэний хамгаалалт болон эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, технологи, аж үйлдвэржилт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт бэхжүүлнэ.
  1. Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, улс төрийн зөвлөлдөх уулзалт, парламент хоорондын найрамдлын бүлгүүдийн идэвхтэй харилцааг дэмжинэ.
  1. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх зүй, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, феминист дипломат үйл ажиллагаа болон олон улсын байгууллагын сонгууль зэрэг асуудлаар тогтмол зөвлөлдөнө.
  1. Батлан хамгаалах салбарт хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа жил бүр зохион байгуулдаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжинэ. Монголын цэргийн алба хаагчдын чадавхыг сайжруулах, франц хэлний сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр өргөжүүлнэ.
  1. Иргэний хамгаалалтын салбарт хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа гамшгийн хохирлыг бууруулах монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээрх мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулна.
  1. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Францын худалдааны эргэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийг онцгойлон дэмжинэ.
  1. Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тулгуурлан Монгол, Францын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх ерөнхий систем /GSP+/-ийг бүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
  1. Энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  1. Тогтвортой хөгжлийн салбарт онцгой ач холбогдол өгч, Франц Улсын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлнэ.
  1. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллана.
  1. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 10 дугаар сард Франц Улсын Клэрмон-Фэрран хотод болсон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочноор оролцсоныг сайшааж, мал аж ахуй, бүтээгдэхүүний гарал үүсэл, газар зүйн заалт, хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  1. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.
  1. Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог дэмжиж, чадавхыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх замаар өргөжүүлнэ.
  1. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлнэ. Чингэхдээ хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч болон энхийн зорилготой цацраг идэвхт ашигт малтмалын салбарт боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлнэ. Франц Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжинэ.
  1. Соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлнэ. Францын Нант хотын Үндэсний түүхийн музейд дэлгэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч дэмжинэ.  Үзэсгэлэнг Монгол Улс болон бусад улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
  1. Кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах чиглэлээр ажиллана.
  1. Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болохыг дэмжинэ.
  1. Монголын тал Парис 2024 олон улсын олимпын наадам, паралимпын наадмыг амжилттай зохион байгуулахад францын талд амжилт хүсэж, биеийн тамир, спортын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов.

III. Хоёр улсын Ерөнхийлөгч нар юу хэлэв.

Хэлэлцээний дараа, хэвлэлд мэдээлэл хийх үеэр Монгол Улсын ерөнхийлөгч У.ХүрэлсүхМонгол Улсад төрийн айлчлал хийж буй БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Монгол Улс нь Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг.

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын талаас төрийн тэргүүний хувьд болж буй анхны түүхэн айлчлал болж буйгаараа онцлогтой болж байна.

Бид албан ёсны хэлэлцээний үеэр Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. ,

Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа. Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг нотоллоо.

Бид уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотлохын зэрэгцээ ХАА, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгатай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” зорилтын хүрээнд экспортын чиг баримжаатай хүнс, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, хүнс, биотехнологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, шинэ техник технологи, нанохауг нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар тохирлоо.

Энэ оны аравдугаар сард Франц улсын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг гаргахад Францын Засгийн газрын үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Бид олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааны тулгамдсан олон асуудлаар ярилцаж, хүний эрх, ардчиллын зарчмуудад тулгуурласан хөгжил цэцэглэлт, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэх хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжүүлэхээр боллоо.

Хүн төрөлхтөний спортын их наадам “Парис-2024” зуны олимпын наадмыг зохион байгуулах Францын ард түмэнд баяр хүргэж, амжилт хүслээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудаар гаргаж буй Монгол-Францын хамтарсан тунхаглал нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж үзэж байна” гэлээ. 

Бүгд найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл МакронНоён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та сайн байна уу. Биднийг халуун дулаанаар хүлээн авч, түүхэн айлчлалыг зохион байгуулсанд талархал илэрхийлье.

Одоо ч бидэнд тулгараад буй сорилтуудыг үүнтэй адил сэтгэлээр даван туулаасай гэж би бодож байна.

Та сая уур амьсгалын өөрчлөлт, ой мод устаж байгаа талаар ярилаа. Мөн Оросын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр суурь, Европ тивд энх тайвныг авч ирэх зорилтынхоо талаар танилцууллаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдалд хувь нэмэр оруулсан гэж хардаг.

Бид Монгол улсыг нүүрснээс аажмаар салахад тусална. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна.

Эрчим хүчний засаглалаа сайжруулахад туслахад бэлэн байна. Байгаль орчны шилдэг стандартыг мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулан манай улсад нэн чухал металл нийлүүлснээр Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэрээ бэхжүүлэхэд тусалж болохуйц байна. 

Мөн 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын уулзалтыг Монголд зохион байгуулахад дэмжихэд Франц улс бэлэн байна. Эдийн засгийн салбарт хэд хэдэн төслийг бэхжүүлэхээр зорьж байна.

Тантай ирэх аравдугаар сард Францад уулзахдаа таатай байна. Биднийг сайхан хүлээж авсанд дахин талархал илэрхийлье” хэмээв.

Франц улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээн дэх үйл ажиллагаа дууссаны дараа түүнд “Чингис хаан” музейг сонирхуулав. Ингээд албан айлчлал дууслаа. 

 

IV. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны тухай

Эммануэл Макроны тухайд  Франц улсын түүхэн дэх хамгийн залуу төрийн тэргүүн гэгддэг. Тэрбээр 1977 онд мэндэлсэн, өдгөө 46 настай.

Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олландын урилгаар 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хийж, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар томилогдон ажиллажээ.

Улмаар 2017 онд 39 настайдаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Үүнээс хойш таван жилийн дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар хоёр удаа дараалан төрийн тэргүүнээр ажиллаж буй юм.

Айлчлалын дараа тэрбээр твиттер хуудаснаа “Улаанбаатар хотод биднийг найрсгаар хүлээж авсан Ерөнхийлөгч Хүрэлсүх танд, Монгол Улсын Засгийн газарт, Монголын ард түмэнд, хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье” хэмээн бичжээ.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу