Боловсролын зээлийн сангийн асуудлаар болон ҮХНӨ-д тусгасан гишүүдийн тоог нэмэх заалтыг иргэд эсэргүүцэж өнөөдөр (2023.05.22) төв талбайд жагслаа.  Тодруулбал, Боловсролын зээлийн сангаас их хэмжээний зээл авч хүүхдээ гадаадад сургаад, эргэж төлөөгүй маш олон баримт нийтэд ил болсон. Ийнхүү нийгэмд ахин сөхөгдсөн энэхүү асуудалтай зэрэгцэн шударга бус байдлыг үгүй болгохыг шаардсан иргэд жагсаж эхлээд байна. Иргэд мөн ҮХНӨ-ийн төсөлд тусгасан гишүүдийн тоог нэмэх асуудлыг эрс шүүмжилж, иргэдийн алдагдсан боломжийг УИХ-аас шаардаж байгаа юм. Өнөөдрийн жагсаалд оролцогчид цалин тэтгэврийн хүртээмжгүй байдал, үнийн хэт өсөлт ард иргэдийн амьдралд ямар их дарамт учруулж байгааг хэлж байлаа.Иргэд жагсаалын үеэр нийт ард иргэд, аж ахуй нэгжүүд, тэр тусмаа залуучуудыг идэвхтэй оролцож, нэгдэхийг уриалсан юм. Тэд “УИХ тар” “Алдагдсан боломжийг минь буцааж өг” “Идэж ууж ханасан бол одоо болих хэрэгтэй” “ Эх орондоо сайхан амьдармаар байна” гэх мэтчилэн уриа лоозон барьсан байлаа. Нийгэмд хэр хэмжээний бухимдал үүсээд байгаа нь өнөөдрийн жагсаалаас харагдаж байна. Тэд төв талбайд цуглаж мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан үзэл бодлоо хэлээд, төрийн ордныг нар зөв тойрсон юм.

Жагсагчдын дийлэнх нь дунджаас дээш насныхан байх бөгөөд “Залуус аа, нэгдэхгүй бол бид хүчрэхгүй байна” гэлээ.

Чанга яригчаар ярьж байгаа хэдий ч хамаг чадлаараа илүү чанга ярихыг иргэд хичээнэ. Дээр нь бухимдал нь ихсэх тусам улам бачуурах мэт үйл хөдлөл нь ихэснэ. Чанга яригчаар ярих хүн болгон шахуу “Утасны цаанаас хараад хэвтэж байхаар ирж нэгдэх хэрэгтэй, та нар юу хүлээгээд байгаа юм” хэмээн хэлж байсан юм. Үнэндээ хэчнээн сургууль, цэцэрлэг байгуулах мөнгө эрх баригчдын гарын салаагаар урсаж одсоныг бодохоор бачуурахгүй хүн байхгүй биз. Гэвч шаардлага хүргүүлэх, гарц гаргалгаа үүсгэх шатандаа очоод яагаад ч юм замхарч, намждаг нь нууц биш.

Иргэд, “өмнөх жагсаалууд бүгд үр дүнд хүрээгүй. Хэн нэгэн нь гарч ирээд л тойруулж ярьсаар байгаад намжаачихдаг. Одоо хангалттай” хэмээн хамаг чангаараа шахуу уриалж байсан юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу