Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгож, Боловсролын зээлийн сангийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй, цэгцтэй байдлаар  Shilen.gov.mn сайтад байршууллаа. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.22/ мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хөшигний цаана олон үйл явдал өрнөдөг байсныг өнөөдрийн Засгийн газрын үед олон нийтэд ил болгож байгаа нь хандлагын том өөрчлөлт болж байна. 

Нийгмийн даатгалын сангийн тухайд, 2010-2020 онд аль банканд хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр зээл олгож байсныг харах боломжтой. Тус сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүх бүрэн байршлаа. Жишээ нь, Зардлын 63 хувийг өндөр настны тэтгэвэрт зориулсан байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайд, сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1,8 сая иргэнд 628 тэрбум 497 сая  200 мянган төгрөгийн зарлагыг энэ сан гаргасан. 

Гэтэл үүнээс 58.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Зээлээ буцаан төлөөгүй байтал дараа жил нь улсын төсөв нэмээд батлаад л байдаг.

Өнөөдөр нээлттэй болгосон энэ гурван сантай нийлээд Засгийн газрын 25 тусгай сангийн ес нь ил боллоо.

Үлдсэн тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа.

Одоогоор мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай гурван сан байна. Үүнд,

  • БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан,
  • ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан,
  • ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан

Мэдээлэл огт ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай долоон сан байна. Үүнд,

  • ХЗДХЯ-ны харьяа Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  • ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн даатгалын сан
  • Сангийн яамны харьяа Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан
  • Соёлын яамны харьяа Кино урлагийг дэмжих сан

Мэдээллээ бүрэн ирүүлсэн, ирэх долоон хоногт нээлттэй байршуулах гурван сан бий. Үүнд,

  • БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
  • ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  • БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу