Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг парламент хийж дуусгалаа. Өнөөдрөөс УИХ-ын гишүүд тойрогтоо очиж ажиллах учиртай. Үүний өмнө тойрогтоо очихдоо “152 гишүүнтэй болохыг та нар дэмжих үү” гэж хэлээд “адлуулж” байгаад ирсэн бол энэ удаа “Та нарынхаа хүсэлтийг цааш нь уламжилснаар 126 гишүүнтэй байхаар бид тогтож байна. Одоо болж байна уу” хэмээн ам асуухаар нутаг нутаг руугаа жирийлгэв.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалтай зэрэгцэн нийгмийн бухимдал өндрөө авсан тул төсөл санаачилагч Засгийн газар гал багатай батлуулах нь эхний алхам болов. Тиймээс иргэдийн анхаарлыг сарниулах хамгийн сайн арга нь үе үеийн Хотын дарга нарын олгосон газрын зөвшөөрлийн асуудал байлаа. Нийтээрээ өмнөх Хотын дарга нарыг нулимав. Нулимуулахаар зүйл хийсэн л дээ, тэд. Гэхдээ энэ үсэргэсэн шүлс бүрийн ард Үндсэн хуулийн өөрчлөлт алхам алхам урагшилж байсан юм. Иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байсан ч Хотын дарга нарыг нулимах нь илүү таашаалтай байсан тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг хойш тавин нулимцгаав. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд эхлүүлсэн “шуурга” энэ байв.

Үүний араас үе үе сөхөгддөг Боловсролын зээлийн сангийн асуудал босов. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад МАН-ын нарийн бичиг болсон О.Батнайрамдал намын даргынхаа даалгаврыг гүйцэтгэж сүр дуулиантай зарлав. Улс төрчид болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын нүүрний багийг хуу татаж олон хүн нойргүй хонож эхэлсэн. Гэхдээ үүнийн цаана Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг явсан гэдгийг мартаж болохгүй. Боловсролын зээлийн сан руу бүх хүн нулимж байхад хооронд гишүүд тойрог тойрог руугаа жирийлгэлээ. 

Ой санамж багатай нийгэмд гаргаж хаясан яс бүхний араас хэмлэлддэг монголчуудын хувьд өдөр бүр жижиг яс гаргаж шидээд ардууд нь улс орны ирээдүйн хувь заяаг шийдэх чухал шийдвэрүүд гарч байна. Тиймээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг марталгүй багахан хэмлэлдэх нь бидэнд л уг нь хэрэгтэй юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу