Жүжигчин У.Цогтбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар долоо хоног баривчлахаар болжээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, уг хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн У.Цогтбаярт хэрэг үүсгэжээ. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түүнд долоо хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа “Нэг өдрийн дотор гурван байцаагч солигдоод, шүүх хурал маш хурдан болж өнгөрлөө. Хэд хоног хориход орохоор боллоо. Гэхдээ хориход ороод, гарсан ч хэзээ ч Засгийн газрыг сайн ажиллаж байна, Хууль зүйн сайдыг мундаг байна гэж хэлж чадахгүй. Намайг хууль зөрчөөгүйд итгээрэй. Бясалгаж байгаад л гараад ирнэ.

Өнөөдөр уг нь миний хүүхдийн төрсөн өдөр. Маш олон ажил төлөвлөчихсөн байлаа. Харамсалтай байна. Сайхан цаг ирэх болтугай. Бүх залуусыг талбай дээр жагсаарай гэж хүсэж байна. Өчигдрөөс өнөөдөр хүртэл хоёр өдөр Хан-Уул дүүргийн цагдаа нарын хамгаалалт гэх юм уу даа, үүнээс болоод талбай руу зүглэж чадсангүй. Түр баяртай” гэлээ.

                                   


Хуулийн заалт:

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ: 5.2 дугаар зүйл.Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

/Энэ хэсгийн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ: 8.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу