МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн зургийг битүүхэндээ гаргачихсан суугаа. Өмнө нь эрх баригч МАН гэлтгүй АН-ынхан фракциудынхаа жин туухайг тааруулж нэр дэвшигчдийг бүлэглэл тус бүрдээ квот маягаар олгож ирсэн. Энэ хүрээндээ эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй фракциудын эрх ашгийг хангасан нэр дэвшилтүүд явж ирэв.

Тэгвэл эрх баригчид 1980-аад оныхныгоо улс төрд сойж эхлэхээр дэд сайд, агентлагийн дарга, аймгийн Засаг дарга, дүүргийн даргаар тавьчихсан. Танигдахаасаа илүү ад болж байгаа тэдний хувьд ирэх жилийн сонгуульд өөрийн нэрээр ялалт байгуулна гэдэг амаргүй. Харин таксаа төлж намын жагсаалтад багтахын тулд авлига, албан тушаалын хэрэгт хүзүү сээрээрээ холбогдон АТГ-ын үүдэнд чулуу нясалж суугаа нь нууц биш.

Ер нь эрх баригч МАН-д залуустаа боломж олгож, салхи савирыг нь тавьж өгсөн хүн муу нэр луу данстай М.Энхболд. Улс төрд ужгирсан нөхдийг улс төрөөс гаргаж, шинэ үеийн төлөөлөл болсон Д.Гантулга, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Х.Нямбаатар, Н.Учралаас эхлээд олон залууст боломжийг нь нээж өгсөн юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбатыг томилж, 2016 оны их хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсахад Ж.Мөнхбат парламентын гишүүн болж дэвшээд алга болсон. Үүний араас Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргаар томилж залуу үедээ итгэл үзүүлсэн. Харамсалтай нь МАН-ын залуу үеийнхэн эвэр нь ургаад “эцэг” М.Энхболдыгоо түлхэн унагасан байдаг.

Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршил гэхээсээ илүү хор ил цагаан гүйж ах нараа араас нь дэгээдэх, хавирах, хатгах, хазах гэхчилэн адгууслаг шинж чанараараа ялгарч гарч ирэв.

Сүүлийн үед загнуулж, зандруулан үгийг нь дагадаг байсан У.Хүрэлсүх ахынхаа өмнөөс сөргөөцөлдөх болж эхэлсэн нь МАН доторх дараагийн том хагарал ил болсныг харуулж байна. У.Хүрэлсүх Я.Содбаатарыгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар тавиулах тохироо явсан ч оны өмнө нүүрсний хулгайн хэргийг өрдөж өгснөөр Я.Содбаатар “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны дүрийг амьдрал дээр бүтээж, МАН-ын Боролдой, Долдой нар яг байрандаа бууриа сахиж үлдэв. Өнгөн дээрээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ялсан мэт боловч нөгөө талд нь У.Хүрэлсүх байгааг мартаж болохгүй.

Удахгүй МАН-д дахин цөн түрэх нь гарцаагүй болов. У.Хүрэлсүх дангаараа ирэх бус элдэвлэж бөөрөлхүүлж яваа намынхантайгаа барьцаа ахиулаад орж ирэх юм байна. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өөрсдийн хүчийг харихгүй гэж бодож, аархаж явах хооронд кнопны хүч нөгөө талд нь хуралдаж эхэллээ. Засгийн газар шударга ёс, авлигыг таслан зогсоохоор өдөр бүр нэг сенсацийг авлига, албан тушаалын луйвар гэх тодотголтойгоор нийгэмд цацаж, орлого нь хумигдсан, үнийн өсөлтөд дарлуулсан “өлсгөлөн” иргэдээ гэмт хэргээр зогоож эхлэв. Хэчнээн өлссөн ч шударгад дуртай монголчууд гэмт хэрэг гэсэн болгон руу хошууран дайрч, хэл амаа билүүдэж, нийгэм бүхэлдээ бужигнаж байна. Улс төрд энэ нь богино зайн улс төр. Нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банк, Засгийн газрын 25 тусгай сан, Хотын газар, гадаад улсаас авлигачдаа авч ирэх гэхчилэн нийгэм бүхэлдээ гэмт хэргээр хооллож байна. Гэхдээ одоогоор гэмт хэрэг гэдгийг нь хэн ч нотолж чадаагүй, хуулийн байгууллага шалгаж байгаа юм.

Намын залуу удирдлагууд нам удирдах туршлага сууж байгаа ч төр удирдах туршлага алга. Ямартаа л ядарсан иргэдээ хов жив, хэрүүлээр хооллож, олигтойхон төрийн бодлого гаргаж чадахгүй хаврын тэнгэр шиг хэдэн юм нар буцахыг хүлээж сууна. Хуулийн байгууллагынханаар хүчээр нэрс зарлуулж, улстөрчдийг нийгмээрээ нулимж шалгалтын ажиллагаа нь ч дуусах болоогүй байна. Дахин сонгуульд нэр дэвшихээс эхлээд бүх зүйлд нь хаалт тавихад МАН-ын залуу дарга нар хүч хаяж эхэлсэн нь бүтэлгүй хэдэн намын залуусынх нь овлигогүй байдлаас харагдана.

Харвард, Оксфорд төгссөн гэр хорооллын амьдрал мэдэхгүй “алиалагч” нарыг Их хуралд оруулж ирээд энэ улс гэрийг сүйрүүлж тоглох төлөвлөгөө зурж суугаа юм байх. Гэхдээ морь унасан толгойгүй хүн шиг аашилж байгаа МАН-ын залуу удирдлагууд намынхаа эрх мэдлийг хэр удаан хадгалж чадах вэ гэдэг нь асуулт болж эхэлжээ. Удахгүй Үндсэн хуульдаа нэмэлт оруулсаны араас МАН доторх цөн түрэх нь. Тиймээс ч үүнээс өрсөж сошиалаар Л.Оюун-Эрдэнийг хамгаална. Түүнийг алахаар заналхийлжээ гэсэн утга бүхий зүйлс хөвөрч эхлэв. Галыг өмнө нь дарж авах гэсэн танил технологи. 

Шударга ёс нэрээр улс төрөөс ах нарыгаа зайлуулахаар шийдсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг зөрүүлж буланд шахах тактик удахгүй хэрэгжих нь. Мөн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршил ч удахгүй зогсож, хоёр булангаа удирдаж эхлэх болсон талаар МАН-ынхан нуулгүй ярих болцгоож…

Үргэлжлэл бий…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу