Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон юм.“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ
 “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.  

МИАТ компани долдугаар сарын 01-нээс орон нутгийн есөн чиглэлд хуваарьт нислэг хийнэ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 01-нээс хуваарьт нислэг үйлдэж эхэлнэ.
Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ, орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эдийн засаг, хөгжлийн яам “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах, төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж ажиллаж буй.
Хэрэгжиж байгаа хөгжлийн 20 төслийн хувьд гуравдугаар сараас төслийн талбай дээрх бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа 16 төсөл байна.

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно
Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгох, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зохих хэмжээний шатахуун, халдвар хамгаалллын хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Мөн гамшгийн улмаас мал нь хорогдсон малчин айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг яаралтай гаргаж малжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгав. 

Товч мэдээ
–       “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлууд”-ын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
–       Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлалыг баталлаа.
–       Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
–       Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны зургадугаар сарын 2-нд зохион байгуулах Монгол Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.
–       Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна.
–       Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу