Сүлжээний бизнесээр дамжуулан хохирсон, цахим залиланд өртсөн иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэх болсон. “Бэлтэс мөрөн”, “Жи тайм” зэрэг цахим залилангийн хэргүүд шийдвэрлэгдээгүй байтал “FT Group” гэх цахим сүлжээний хохирогчид гарч ирээд байгаа юм. Уг сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар хэдэн мянгад хүрсэн гэх мэдээлэл бий. Харин хохирсон мөнгөн дүн нь урьдчилан тооцох боломжгүй байгаа бөгөөд албан бус мэдээллээр 25 тэрбум төгрөгөө залилуулсан гэх иргэд эхнээсээ цагдаагийн байгууллагад хандаад эхэлсэн байна. “FT Group” гэх цахим сүлжээний хохирогчид цахим хуудаснаас нэгдэн хохирлоо барагдуулах арга хэмжээ авч эхэлжээ. Тэд хамгийн багадаа 5-10 ам.доллараар элсэж, өөрийн доор хүмүүсийг нэмж пирамид үүсгэх замаар ашиг хүртдэг байж.

Харин цагдаагийн байгууллагын зүгээс “Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч эхэлсэн. Одоогоос хоёр хоногийн өмнөөс эхлэн тус цахим залилангийн хохирогч болсон гэх иргэд өргөдөл өгч байна. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй” гэж мэдээлэв.

“FT Group” сүлжээ нь үндэстэн дамнасан санхүүгийн залилан бөгөөд Танзани, Нигер, Өмнөд Африкийн орнуудын иргэд хохирсон гэх мэдээлэл байна. Харамсалтай нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороонд огт бүртгэлгүй тул гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хүндрэлтэй байх бололтой.