Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, улс төрчид эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ давуу байдал бий болгосныг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж эхлэв. Нийгэм үнэхээр бухимдалтай байна. Эрх баригч МАН нь иргэдийн дунд хэрүүлийн алим шидчихээд хэрхэн хэмлэлдэхийг алсаас харж сууна. Цалингийн, ипотекийн, хэрэглээний, бизнесийн гэх мэтчилэнгээс эхлээд байж болох бүх зээлд өрийн хавханд тийчилж буй иргэд булхай хулгайтай эвлэрэхгүй хэмээн бухимдаж буйгаа илэрхийлж байсан нь тэдний барьсан уриа лоозон, чадал мэдэн орилж буй үгнээс нь харахад бухимдал хэр хэмжээнд байгаа нь харагдана.

Өвлийн жавар тачигнасан цагт хүртэл жагсаж чаддагаа харуулсан иргэд урин цагт жагсахад ухарч цаламдах зүйл гарахгүй. Гэхдээ иргэд хэрүүсэж байна гэдгийг энэ удаагийн жагсаалаас харж болно. Иргэдийн цугларалт, жагсаал бүрийн тэргүүн эгнээнд нэр олох гэж хичээсэн аанай л “хуурамч эх орончид” гараад л ирдэг. Энэ удаа “Босоо хөх Монгол”-ын Шинжээравдан “УИХ тар. Тогтолцооны шинэчлэлт хэрэгтэй. Олон жил парламентын гаднаас тэмцлээ. Одоо дотор нь орж тэмцэнэ” ухааны юм ярьж байгаа харагдсан. Энэ хүн ямар ажил эрхэлдэг вэ гэж өөр хоорондоо хүмүүс ярилцах аж. Харамсалтай нь жагсагч гэдгээс өөрөөр түүнд оноосон ажил үнэндээ гарахгүй байх шүү хэмээн ярилцах нь үнэний ортой л байх.

Саарал ордонд орж гишүүний тэмдэг зүүж “дарга” болох хүслээ олон жил нуугаагүй хүн бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар. Эхнэрээ ХААИС-ийн дэд захирлаар тавиулах лоббигоос эхлээд өөрт ашигтай хувилбар бүрийг засагтай барьцаалах хүсэл нь нэвт уншигддаг. Ам нь ард түмнийхээ төлөө гэх ч атгаг бодол нь өөр зүгт чиглэдэг тухай хамт жагсаж буй хүмүүс нь шивэр авир хийж байсан. Энэ Наад захын энэ хоёр жагсагчийн талаар ярьж буй хамтдаа жагсаж буй хүмүүс нь ингэж л дүгнэж байна. Энэ улсад үнэн юм алга гэж жагсаж буй тэдэнд ч бас үнэн юм байна уу. Эх орончийн дүрээр ард түмний хайртай хүү болдог харалган цагаа бид туулчихсан. Тиймээс дүрээ, сэдвээ шинээр сонгохгүй бол эх орончийн багтай эргэн ирэлт хийнэ гэдэг тийм ч оновчтой шийдэл биш болчихсон шүү.

Төв талбайд цугласан иргэдийн ихэнх нь тэдэнд дургүйцлээ илэрхийлэх ч микрафоныг тэд л гартаа барьж, дураараа бурна. Иргэд “Та нартай жагсмааргүй байна, та нар оролцохоор жонхуурч заваараад дуусдаг, битгий оролц” гэхчлэн хашхирцгааж байв. Уг нь иргэд үр хүүхдээ ийм нийгэмд үлдээхийг хүсээгүйдээ үгээ хэлж, жагсаж буйг тэд өөрт ашигтай хувилбарт шилжүүлэхээр жагсаж байгаа нь илт. Сенсацийг сенсациар дардаг технологи манай улс төрд нутагшсан. Үүний тод жишээ нь Нүүрсний хулгайн араас хөдөлгөн Хөгжлийн банкны хэргийн галт тэрэг, Засгийн газрын тусгай сангуудын луйвар, Хотын газрын наймаа гэх мэтчилэн өдөр бүр шинэ сенсацийг ард түмэн харж байна. Нийгмийн сэтгэл зүйг ингэж удирдаж, ингэж гэмтээж байгаа юм.

Шинжээравдан, Л.Дашням, А.Отгонбаатар нартай мөр зэрэгцэн Ардчилсан намынх ч юм уу, Ард түмнээ хайрлая намын ч гэх юм уу улстөрч Л.Гүндалай хамт жагсаж, тэднээс дутахгүй төв талбайд хонож чаддагаа харуулав. Ирэх жил сонгууль болно. Энэ улсынхаа ирээдүй, хувь заяаг боддог бол эдгээрээс өөр сонголтыг иргэд хийж байж улсын хөгжил цаашаа нэг алхана. Жагсаал гэх энэ багны ард Үндсэн хуульд нэмэлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох төлөвлөгөө батлагдана. Сонгуулийн тогтолцоо мэдээж холимог байж таарна.

Учир мэдэх залуу үеийнхэн тэднийг “Хуурамч эх орончид” гэж шулуухан хэлчихэж харагдана лээ. Гэсэн ч өнөөдүүл нь “Эх орны баялгийг хулгайчид тоноод дууслаа”, “УИХ-ыг тараая”, “Шударга нийгмийг бүтээх хэрэгтэй” гэх мэтчилэн уриалах хэдий ч түрэх иргэд байхгүй нь гачлантай.

Ингээд харахаар цахим орчин нийгэмд сайнаар биш муугаар нөлөөлөх маш том хэрэгсэл болсон нь ойлгомжтой байна. “Бид иргэдийн дуу хоолой” гэж өөрсдийгөө өргөмжилсөн тэднээс ямар ч шийдэл, өргөн барьсан шаардлага гараагүй байгаагаас иргэд ахин жагсах шалтгаан олж харахгүй үлдэж байгаа юм. Өнөөдөр маргааш дахин жагсаж болох ч ямар ч шийдэлгүй, шаардлагагүй, үр дүнгүй үргэлжилсээр л байна. Хуурамч эх орончид байсан байгаагүй сэтгүүлчид, хуулийн байгууллагууд чадлаараа ажиллаж хулгайн хэргийг ил гаргасаар байгаа. Иргэдийн дуу хоолойг ч мөн хүргэсээр байна. Чухам хуурамч нөхөд л иргэдийн урдуур орж чанга ярихаа болимоор. Цэвэр иргэдийн жагсаал гэж сүүлийн хэдэн жил байхгүй болсон нь эдгээр “хуурамч эх орончид”-той холбоотой. Адгийн амьтдын хоргодох сүүлчийн цайз нь “Эх орончийн дүр байдаг” гэдэг үг энэ өдөр тархинд эргэлдсээр байлаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу