Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн www.ulaanbaatar.mn сайтын “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” хэсэгт нэвтрэн, мэдээллээ оруулж бүртгүүлснээр бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд шаардлагатай үйлчилгээ авах боломжтой болсон билээ.
Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 134 төрлийн зөвшөөрлийг Нийслэлийн засаг даргын захирамжаар хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлээд буй. Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгадаг байсныг өөрчилсөн нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18,600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлөөд байгаа аж.
Мөн стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн юм. Баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалтыг мөн хүчингүй болгосон.
Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байв. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг байв. Харин одоо энэ бүх зардлыг хэмнэх боломжтой болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу