3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно.
Уг тэмцээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр /2023.05.25/ эх орноосоо мордож байна.
Эрэгтэй багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар болон “Завхан бродерс” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал нар багтжээ. Харин Э.Дөлгөөний гэмтэл гүйцэд эдгээгүй тул энэ удаа бүрэлдэхүүний гадна үлдсэн байна.
Эмэгтэйчүүдийн багт О.Хулан, М.Цэрэнлхам, Ө.Индра, Б.Ариунцэцэг нар багтсан байна.
Б.Ариунцэцэг энэ жил эмэгтэйчүүдийн лигийн MVP-ээр тодорсон бол “Танан гарьд” багийн Ө.Индра 3х3 сагсны шигшээд анх удаа дуудагдсан юм.
Эрэгтэйчүүд Нидерланд, Швейцар, Унгар, Японы шигшээтэй нэг хэсэгт багсан бол эмэгтэйчүүд Унгар, Чех, АНУ, Канадтай нэг хэсэгт өрсөлдөх болно.
Хэсгээ тэргүүлсэн багууд шөвгийн наймд шууд шалгарч, хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь дунд шөвөгт шалгарахын төлөө нэмэлт тоглолт хийх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу