Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дэвшил авчрах, цахим шийдлүүдийг нэвтрүүлэхээр “DIGITAL SME 2023” арга хэмжээг зохион байгууллаа.

Тодруулбал, үр ашгийг нэмэгдүүлж, цаг хугацаа, өртөг хэмнэх технологийн дэвшил, цахим хэрэглээг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүнг гаргахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж буй юм.Энэ хүрээнд “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал шилжилт хөгжүүлэх хэрэгцээ шаардлага”, “DIGITAL SME’s” буюу нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал систем хөгжүүлэх шийдэл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “TomYo EdTech”, “Зочил” платформын давуу тал, инновацыг танилцуулсан юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн: -Жижиг, дунд үйлдвэрлэгчид үйл ажиллагаандаа цахим шийдлүүдийг нэвтрүүлэх нь чухал байна. Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа 678 мянган иргэн, 43 мянган аж ахуйн нэгжийнхээ мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу цахим платформ дээр нэгтгээд нэг жилийн хугацаанд сегментчилнэ. Өөрөөр хэлбэл, аль салбарын ямар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжтой вэ, ямар чиглэлд дижитал хэрэглээг нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ, хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ платформ ашиглалтад орсноор жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд хэрэгтэй үйлчилгээг хүргэх, цаашлаад бизнесийнхээ түүхээр зээл авах, хөрөнгө оруулалт татах зэрэг үйл явц илүү хялбар болох юм гэлээ.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий:-Орчин цагт дижитал шилжилт хийсэн компаниуд хөгжиж, эсвэл зах зээлдээ тэсэж үлдэж байна. Монголын томоохон компаниудын хувьд үүнийг амжилттай хийж буй. Гэхдээ энэ шилжилтийг хийхэд их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай учраас  жижиг, дунд үйлдвэрлэлийн хувьд энэ тал дээр хоцорч байна. Тэгэхээр бид энэ салбарт цахим шилжилт хийхийн тулд мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор төлөвлөөд ажлаа эхэлсэн гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу