Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрогтоо танилцуулж яваа. Гишүүд тойрогтоо уулзалт хийж явахад орон нутгийн иргэд цалин, тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгааг хэлж, авлига, албан тушаалын хэрэг цагаандаа гарсныг дуулган буцаж ирэхээргүй болтол бөмбөгдөөд буцаасан. Тухайлбал, Ш.Адьшаа гишүүн Ховд аймгийн иргэдтэй уулзаж байх үед “Цаг хэцүү байхад гишүүдийн тоог 152 болгоно гэж ичихгүй ярьж байхын оронд ганц машин өвч аваад ирэхгүй яагаав” хэмээн нутгийнхан нь хөөгөөд буцаасан байсан. УИХ-ын гишүүн Г.Дамдиннням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзсан уулзалтын үеэр амаа алгадуулаад буцсан гэхчилэн өөдтэй үг иргэдээс сонсож чадалгүй буцацгаасан. Үүнийгээ ч намын бүлгүүддээ хэлж Үндсэн хуулийн төсөлд тусгасан 152 гишүүний тоог 126 болгон бууруулахаар тогтсоноор УИХ-ын даргын захирамжаар гишүүд тойрогтоо очиж дахин “гөвүүлэхээр” нутгийн зүг одоцгоосон.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар аав Гомбожавынхаа нэрээр Баянхонгороос дөрвөн удаа сонгогдсон. Г.Занданшатарыг Үндсэн хуульд оруулах нэмэлтийн танилцуулгаа Баянхонгорт хийж явахад нь нутгийн иргэд нь “турсагыг нь хуулаад” буцаасан байдаг. Тиймээс арга буюу хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг нутагтаа бус Төв аймагт хийж явна. Хийх байхаа олж ядсан хүмүүс айл хэсч аяга тагш эргүүлдэг шиг л гиюүрсэн Их хурлын дарга Г.Занданшатар Төв аймгийн сумдаар морилж яваа юм байна. Тойрогтоо очиж ажиллах нүүргүй хүн л хүний тойрогт очиж гал намжтал гороолж яваа харагдана. Хэдхэн хоногийн өмнө Баянхонгортоо очиж загнуулчихаад юу боллоо гэж дахин очиж загнуулахав дээ.

Тэргүүлсэн парламент нь хулгайчдын үүр уурхай болсон гүн хар толботой парламентын дарга бол тэр. Өөрөө мөн хар толботой УИХ-ын дарга болохыг Боловсролын зээлийн сангийн баримт нотлочихож байгаа юм. Г.Занданшатар 2003 онд Нидерландын Маастрихтын удирдлагын сургуульд суралцахдаа зургаан мянган ам.доллар, төрсөн дүү Гомбожавын Оюунгэрэл нь Австралийн Свинбурн их сургуульд 16 мянган ам.доллараар суралцсан байдаг. Иргэдийн хүүхдэд олддоггүй Боловсролын зээлийн сангийн 93 мянган ам.доллар түүний хүү З.Алтангэрэлийг бакалавтр сурахад, түүний охин З.Должинсүрэнд Боловсролын зээлийн сангаас 13.9 мянган ам.доллар зарцуулсан. Өнөөдрийн ханшаар нийтдээ 444 сая төгрөгийн УИХ-ын дарга Г.Занданшатарын гэр бүл Боловсролын зээлийн сангаас туучихсан байгаа юм. Өөрөө мундаг байж болох ч дүүгээ, хоёр хүүхэддээ эрээ цээргүйгээр ардын хүүхдийн боломжийг хулгайлж өгсөн Г.Занданшатар улалзсан улаан нүүрээр “Би хулгай хийгээд буцаагаад төлчихсөн юм шүү” гэж Баянхонгорчуудын өмнө зогсоно гэдэг ээ дээ, бас л ширэн нүүр шаардах ажил. Тиймээс л Баянхонгортоо бус Төв аймаг хавийн ганц хоёр сумаар тойрч явна лээ.

Ирэх сонгуулиар намын жагсаалтад багтана гэсэн бодол тээж яваа бол ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан хууль бусаар сангийн зээлд хамрагдсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн нь намын жагсаалтын дээгүүр бичигдэх Г.Занданшатарт ч бас хамаатай болж таарна. Энэ парламентаас юу ч хүлээгээд хэрэггүй гэдэг үнэн юм байна. Ард түмний хүүхдийн хамрагдах боломжийг хааж өөрөө, дүүгээ, хоёр хүүхдээ Боловсролын зээлийн сангийн 444 сая төгрөгт хамруулсан “хулгайч” спикертэй Их хуралд үнэн юм даанч алга.

Э.БОЛД

3 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу