Өнгөрсөн долоо хоногт АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонгосон. Түүнийг АН-ын даргаар сонгож, батламжилсан тухай материалыг ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл өнөөдөр Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө.

С.Эрдэнийн талын АН-ын Л.Гантөмөрийг үгүйсгэж, намын даргын сунгаар зарлаад буй. Энэ сунгааг хууль бус гэдгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэллээ. Тэрбээр С.Эрдэнийн талынхан асуудлыг шийдэх гэхээр бусниулж, цаг хождог гэдгийг хэлж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: -Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага асуудлыг шийдэх гээд явж байна. Асуудлыг шийдэх гэхээр цаг хожих, бусниулах гэдэг. С.Эрдэнийн талаас ийм байдлаар ханддаг. Энэ нь хууль бус. Бид хуулийн дагуу төв байгууллагаас гаргаж өгсөн материалыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгөх гэж байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: -Хэн нэг хүн өөрийгөө дарга гэж бодоод, хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой, дотроо ойлголцоод явах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монголын төр дэх Ардчилсан намын төлөөлөл. Нөгөө талдаа Үндэсний бодлогын хороо гэдэг бол нам талаасаа эрхий бүхий байгууллага. Энэ хоёр намынхаа ойлголцол, эвлэрэл дээр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Тийм учраас бид Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байгаа юм. Шүүх хараат бус байж, Ардчилсан намын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэж бодож байна.

Ардчилсан намын гишүүн Н.ТЭГШБАЯР: -УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намыг удирдаж ороод ялагдсан бол тэр намын дарга автоматаар огцорно гэсэн дүрэмтэй. С.Эрдэнэ бол нэг биш, хоёр удаа огцорсон, Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд. Ийм этгээд гарч ирээд, Ардчилсан намын эв нэгдлийг эсрэг юм хийж байгаа бол алсуураа улс орны хөгжил цэцэглэлтэд сөрөг нөлөөтэй зүйл хийж байгаа юм.

Тэр хүн бол өмнө нь хүн амины хэрэгт холбогдож байсан эрүүгийн гэмт хэрэгтэй хүн. Ийм хүнийг Ардчилсан намд оруулаад, арав хорин жилийн дараа Монголын ардчилалд сөрөг зүйл авчирч байна. Бид ардчиллыг аврах ёстой, олонх болсон эрх баригчдад хазаар хэрэгтэй байна. Ардчилсан нам худал, хулгайтай тэмцэх хэрэгтэй байна. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчид жижиг эрх ашгийг болиод, улс орноо бодооч ээ гэж байгаа юм. С.Эрдэнэ бол дүрмээрээ хоёр удаа сонгуульд Ардчилсан намыг ялагдуулсан учраас Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй субъект.