Авто замын сан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурсан хүмүүсийн талаар мэдээллийг ил болгож буй талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хүргэж байна. /2023.05.26/

Тэрбээр “Манай салбарт Авто замын сан гэж нэг л сан бий. Энэ сангийн мэдээллийг ил болгож байна. Та бүхэн манай яамны цахим хуудас руу ороод харах боломжтой.

Мөн ИНЕГ-ын зардлаар гадаадад сурсан суралцагчдын мэдээллийг нээлттэй болгож байна. 

ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Энэ хүмүүст тухайн үейин ханшаар нийт 11 сая 376 мянган ам.доллар зарцуулсан. Төгрөгөөр бодвол 28 тэрбум төгрөг гэсэн үг.

Үүнд,

  • Салбарын мэргэжлээр суралцсан 332,
  • Нийтлэг мэргэжлээр суралцсан 35 хүн байна.

Эдгээрээс,

  • Сургалтын гэрээ цуцлагдсан 11,
  • Хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16,
  • Одоо суралцаж байгаа 14,
  • Салбартаа ажиллаж байгаа 262,
  • Ажлын байр хүлээж, хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийсэн.

Өнгөрсөн онд сайдаар томилогдоод, ИНЕГ-ын үйл ажиллагаанд аудит оруулсан. Үүгээр зөрчил, дутагдал илэрсэн. Тэр зөрчлүүдийн нэг хэсэг нь энэ. 

Улмаар салбарын сайдын зүгээс зөрчлийг арилгуулах зөвлөмж хүргүүлсэн.

Эдгээр хүн дотор ашиг сонирхлын зөрчил бий болгож, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагууд шийдэх байх. Өнөөдөр ажиллаж буй хүмүүст хариуцлагын асуудал ярина. Сайдын хувьд ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна. 

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой. Тийм ч учраас гэрээний үүргээ зөрчсөн хүмүүсээр төлбөрийг нь төлүүлэх ажил хийгдэж байна.

Харин гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүн олон бий.

Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгч байгаа. Ажлын байр хүрэлцээгүй учраас тэд ажиллахгүй байгаа юм.

Улстөрч нарын хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлгээр суралцаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэрээний үүрэг, журмаа биелүүлсэн бол тэд ч бас суралцаж эрхтэй. 

Үе үеийн ИНЕГ-ын дарга нар тэтгэлгийн журмыг шалгуур багатайгаар баталж ирсэн. Тухайлбал, Т.Лхагвасүрэнг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2.7 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэлэгт зарцуулсан байна.

Тиймээс энэхүү журмыг сайд баталдаг болж, олон нийтэд мэдээлнэ. Цаашид ашиг сонирхлын зөрчил бий болгож, давуу эрх эдлэхгүй болно. ИНЕГ-ын даргын тушаалаар хамаарал бүхий хүнээ тэтгэлэгт хамруулах нөхцөл байдал цаашид үүсэхгүй. Хүн бүрт нээлттэй байдлаар тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна” гэлээ.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу