Аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр (2023.05.26) мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод хуулийн этгээдүүд 29 мянган үл хөдлөх хөрөнгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний дийлэнх нь 10-20 жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн хямд үнэлгээгээр тооцон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг.
Тодруулбал, Улаанбаатар хотод байрлалтай зарим үл хөдлөх хөрөнгө өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс 10-20 дахин бага үнэлгээгээр тооцон татвар төлж байна.
Татварын ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг зах зээлийн бодит үнэлгээгээр тооцон, татвар хураах эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг удаа дараа гаргасан боловч дэмжлэг авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хоёр хувь болговол аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй. Үндсэндээ шударгаар үнэлгээгээ хийлгэж, татвараа шударгаар төлж байгаа байгууллагуудад дарамт үүснэ гэсэн үг. Миний бие ахалж байгаа Ажлын хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн татварыг шударга байдлаар, зах зээлийн бодит үнийн жишгээр төлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлага татварын орлого төвлөрүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг нэмэхгүй. Харин шударга байдлаар, зах зээлийн бодит үнэлгээгээр тооцож татвар хураах бодлого барьж ажиллана” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу