Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ хоёр хоногт баталсан нь  хүний эрхийг зөрчиж буй олон заалт байгаа талаар иргэд цахим хуудаст бичиж, эсэргүүцлээ илэрхийлээд байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд бүхэлд нь хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв. Энэ талаар ирэх Даваа гаригт мэдээлэл хийхээр болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар заалтын 8-д зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина гэсэн заалттай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Ө.Золбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ” гэв.