Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудын хамт салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцож буй. Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.26/ авто замын салбарын 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын хэлж буйгаар авто замын бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлтийн асуудал их саад болдог аж. Учир нь иргэд мөнгөө авч байж газраа чөлөөлнө гэдэг. Үүнээс болж цаг алдаж, намартай золгодог байна. Иймээс газар чөлөөлөлтийг шийдсэний дараагаар тендер зарлах хэрэгтэй гэдэг саналыг тэд гаргалаа. 

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Газар чөлөөлөх ажил маш төвөгтэй байдаг. Үүнийг зохицуулсан хууль байхгүй, журмаар зохицуулдаг. Газар чөлөөлөлтийг хийхдээ иргэдтэй зөвшилцдөг, гэтэл үнээ нэмчихдэг. Зарим нь байр нэхнэ. Энэ мэтээс болж ажил удааширдаг. Нэг айлын газар чөлөөлөх гэж 15-25 удаа уулздаг.

Жилд 400-500 айлын газар чөлөөлдөг байсан бол өнгөрсөн жил хамгийн их буюу 1500 айлын газар чөлөөлсөн. Энэ жил 800 айлын газар чөлөөлөхөөр ажиллаж байна. Цаашид газар чөлөөлтийг бүтээн байгуулалтын өмнөх жил хийдэг болох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу