Хөндий дүүрэн хүнгэнэх машинуудын дуу сүртэй гэж жигтэйхэн. Товлосон цагтаа гараанд гарахаар зэхсэн машинуудаа жолооч нар нь үнсэх нь холгүй арчиж өнгөлнө. Монголчууд хэзээнээс цөстэй ард түмэн тул цөс хөөргөх хүчирхэг автомашинуудын уралдааныг үзэж сонирхохоор Сэлэнгэ аймгийн Мандал сум бидний сайн мэдэхээр Зүүнхараагийн Элсний ам, Гурван салаанд багтахгүй шахам цугласан байх. “Хөвчийн хүчтэн” клубээс Монголын бартаат замын авто спортын холбоо (MOF)-ноос хамтран зохион байгуулдаг “МАЗААЛАЙ 4х4” бартаат замын уралдаанд оролцохоор 100, 200 орчим авто машин бүртгүүлжээ. Зүүнхараагийн “Хөвчийн хүчтэн” клубээс уг тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн гал гарсан уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдээр боллоо.

Эл уралдаанд ямар “МАНГАС”-ууд сэрж, хэн ямар шинэ машин тоноглож ирсэн байна вэ гэдгийг харах, өмнөх жилээс жолооч нарын ур чадвар хэрхэн дээшилсэн бол гэдэг нь маш сонирхолтой байдаг талаар ярьцгааж байв.

Бид өглөө 7 цагт Улаанбаатараас хөдөлж постоор гарахын наана замын цагдаа шалгалт хийж байхтай таарсан юм. Үүрэг гүйцэтгэгч цагдаа “Өглөөний дөрвөн цагаас хойш Зүүнхараад болж байгаа Мазаалай уралдааныг үзэхээр нийслэлээс гарч байгаа иргэдийн цуваа тасраагүй. Та нар аян замдаа болгоомжтой яваарай” гэдгийг сануулаад үлдсэн юм. Замын цагдаагийн хэлсэнчлэн маш олон машин нийслэлээс зорин очжээ. Үнэхээр хоббидоо хөтлөгдөн очсон хүмүүс олон ч уралдааны замд гарч байгаа найзуудаа дэмжихээр тэднээс дутахгүй олон хүн уралдаан болох Элсний аманд ирсэн байна.Сумын наадмаас илүүтэй хөл хөдөлгөөнтэй байх агаад хүний хөл, машины дугуйнаас дэгдсэн нарийн сул шороо пургиж үзэгдэнэ. Хараа голын эрэг дагуу Гурван салааны урд туг далбаа болсон өнгө өнгийн содон машин техник, хоол хүнсний бэлтгэл базаасан гэр, майхнууд ханаа дугуйлжээ. Анхааруулгын шар тууз татсан хэсэгт тулж очин зогсвол, цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалтад гарч, шар хантаазтай зохион байгуулагчид энд тэндгүй гүйлдэнэ.Нээлтийн ажиллагаа албан ёсоор 12 цагт эхлэх ч “Мазаалай 2023” уралдааны “сонирхогчдын” ангилалын тэмцээнээр эхлэв. Энэхүү тэмцээн нь “Hobby”, “Hobby track” “Pro”, “Pro masters” UTV гэсэн ангилалтай аж. Эхний өдөр сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын бартаат замын тэмцээн болох хуваарь гарчээ. Харин ням гарагт хэт их бартаат буюу шавар, хад, саад туулах тэмцээн болно гэж байлаа. 

“Элсний ам” гэх энэ газар сүртэй бартаа саадгүй мэт үзэгдэх ч бартаат замын уралдаанд оролцож үзсэн жолооч нар “Нүдэнд харагдаж байгаа шигээ биш шүү дээ” хэмээн инээмсэглэн хэлэх нь “Чи андуу бодож байна” гэдгийг шууд хэлчихэж байгаа юм. Тэмцээний зам тэр чигтээ элс бөгөөд өөд өгсөх, буух хэсгийг ч элсэн толгод, тэр дунд нь зориудын бартаа бэлтгэжээ. Толгодын өөд нурж эмтэрсэн хэсгээр өгсөн туг тойрч буцаж саадаар дайрч уруудаад барианд орох маршруттай. Ингэснээр техникийн туулах чадвар болон жолоочийн самбаачлах хурд, чиглүүлэгчийн авхаалж самбааг шалгаж буй хэрэг юм. Жолооч хажуудаа чиглүүлэгчтэй суух бөгөөд түүний ажиллагаа бас маш чухал. Гараан дээр бэлэн болмогц чиглүүлэгч бууж цагийг эхлүүлээд мөн тэмцээний явцад саатал, осол гарахад туслах үүрэгтэй юм.“5555 УВЗ” дугаартай UTV ангиллын машин уралдааны хамгийн гал гарсан хурдаар хөдлөж тугаа тойрсон боловч эргэлт дээр ялимгүй алдаа гарч зүүн талаараа хажуулдаж унав. Чиглүүлэгч энэ мөчид шуурхай ажиллаж унасан машинаа босгож чадсанаар уралдаанаа үргэлжлүүлэн хөдлөн замаа дуусгасан юм. Жолооч тоос манарган үзэгчдийн өмнө ирж зогссоноос харахад машинаа унагаж хугацаа алдсандаа харамсаж байгаа нь илт. Тэдний уралдаан минут, секунтээр бус дойлоор хэмжигддэг юм байна. Уралдааны замд унасан ч амжилттай гараагаа дуусгасанд үзэгчид шүгэлдэн, орилолдож баяр хүргэж байгаа нь тэмцээний утга учир оршиж байгаа мэт.Тэнгэрт тулахуй шороо манарч, мангас аятай машинууд моторын дуу хангинуулж, чадал мэдэн давхиж одно. Гарааны шугамын ард хаазаа гишгэн нүргэлүүлэх нь ямар нэгэн “Мангас” сэрэхээр архирч буйтай ижил. Үзэгчдийн уухайн түрлэг болон машиныхаа эрчинд урам авах мэт жолоочдын харц эрэмгий харагдана. Монголчууд бартаат замын уралдааныг хурдан морины уралдаан, бөхийн барилдааны адил сонирхож үздэг болжээ. Үүнийгээ дагаад машин техникийн бэлтгэл, тоноглолыг ч мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг чадварлаг жолооч нар олон болж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Ийнхүү сонирхогчдын ангиллын гараа дууссаны дараа нээлтийн ажиллагаа эхэллээ. Монголын бартаат замын авто спортын холбоо (MOF), Мандал сумын бартаат замын авто спортын салбар хороо, Хөвчийн хүчтэн клубыг үүсгэн байгуулагч нар албан ёсоор нээж үг хэлэв. Нээлтийн арга хэмжээний үеэр Авто спортын мастер цолтон найм, дэд мастер цолоор төдий тооны хүн энгэрээ цоолууллаа. Танил тал найз нөхөддөө цол тэмдэг олгох бус, оролцсон тэмцээнүүдийнх нь амжилтын оноогоор нь болзол хангасан хүмүүст олгодог гэж байлаа.

Үүний араас мэргэжлийн тамирчид уралдана гэж жинхэнэ уралцав. Машинаа өндөр хэмжээнд тоноглосон тамирчдын ур чадварын “тоглолт” эрс ялгарна. Мэргэжлийн тамирчдын ур чадвар цаанаасаа сонирхол татам бөгөөд туулах хугацаа ч богиносож эхэлнэ. Үзэгчид улам шимтэн сонирхож, хамгаалалтын зурваст ойртоцгооно. Бүдүүн яндангийн орилох дуу цуурайтан, улам олуулаа хаазлахад ойролцоох гэрийн шал доргиж буй нь мэдээж. Нэг, хоёрдугаар уралдааны замд хоёр талд уралдаан үргэлжилнэ.Тэнгэр жаахан бүүдийж үдийн алдад хэсэг бороо шиврээд өнгөрлөө. Цугласан олон үймж тарах нь бүү хэл улам хөгжөөнтэй байгаа нь харагдана. Пургисан хөнгөн шороо бороонд даруулснаар улам таатай болсон юм. Truck ангиллын тоноглосон Зил 131-үүд бэлтгэсэн элсэн саадыг туулах, мөн өгсүүр өөд уралдаж эхэллээ. Элсний өөд зүтгэхдээ хүч алдахад нь чиглүүлэгч үсрэн буугаад өөрөө татагчийг дээш чирэн хамаг хурдаараа гүйж бэхэлгээнд хийгээд машинийг суусан газраас нь гаргана. Ийнхүү өрсөлдөөн ширүүссэр туг тойрч уруудав. Барианы зурваст орж ирмэгц дугуйн эргэлтээс хуйлран босох шороо хавь орчныг нөмөрнө. Улаан шороотой зэрэгцэн барианд орохуйд чиглүүлэгч үсрэн бууж гүйгээд цагаа зогсооно.“UTV” ангилалд спортын мастер Н.Номтойбаярын бэлтгэсэн шинэ машиныг хүн бүр ярих нь онцгой сонгогдоно. Тамирчид стандартын автомашин дээр нэмэлт тоног хийж уралдааны замд гарч байсан бол Н.Номтойбаяр сар гаруйн өмнө уг уралдаанд зориулан шинэ машин бүтээсэн талаарх яриа жолооч нарын дунд ам дамжигдан яригдаж, түүний машиныг үзэхсэн, уралдааны замд гарахыг нь харья гэсэн хүмүүс улам нэмэгдэх аж. Алга ташилт, уухайлалт, машины нүргээн гээд Элсний аманд ийм нэгэн явдал 28-ны өдөр ч мөн үргэлжилж аваргуудаа тодруулсан юм.

Сурвалжлах баг тэмцээний эхний өдрийг ийнхүү өндөрлүүлээд Зүүнхараагийн үдшээр хэсэг саатаж цааш хөдөлсөн билээ. Ширхэнцэг хайрханы энгэрээс Элсний ам тийш харахад аанай л тэнгэрт тулсан шороо манарч буй нь маргаашийн тэмцээний бэлтгэл хэрхэн хангаж буйг харуулах аж.

Монголын бартаат замын авто спортын холбоо (MOF)-ын зүгээс тэмцээнийг “Мазаалай” хэмээн нэрлэх болсон шалтгаан нь Монгол Улсад нэн ховорт тооцогдох болсон говийн мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, хамгаалах үйлсэд нэгдэн тэмцээнээ нэрлэх болсон аж. Тус холбооны зүгээс мазаалайг хамгаалах үйлсэд гар бие оролцдог юм байна. Хамгийн сүүлийн тооллогоор мазаалайн тоо 50 гаруй болж өсөж нэмэгдэж байгаа гэдгийг хэлж байв.

А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

  1. The next time I learn a blog, I hope that it doesnt disappoint me as much as this one I imply, I know it was my choice to read, however I really thought youd have something attention-grabbing to say All I hear is a bunch of whining about one thing that you possibly can repair in the event you werent too busy in search of attention

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу