Улс төрийн нам нэг туйлдаж унахаараа ямар хэмжээнд очдогийг Ардчилсан намаас харахад хангалттай. Үлгэрлэвэл, бусад улс төрийн намууд ийм хэмжээнд очиж болохгүй шүү гэдэг хамгийн том гарын авлага болсон гэхэд болно. Хэдэн жил тойрсон тамга тэмдэг, жинхэнэ, хуурамч даргынхаа асуудалд цэг хатган Л.Гантөмөр гэж даргатай болсон ч тэдний зовлон дуусаагүй байж. Намын даргаар Л.Гантөмөр томилогдсоноос хойш дөрвөн сар болж байгаа ч улс төрийн хүрээнд болон нам дотроо дорвитой ганц алхам хийсэнгүй. Намын даргын бодлого, шийдвэр нь тодорхойгүй үед сөрөг хүчний улс төрийн акц мөн тодорхойгүй байх нь аргагүй. Эрх баригчдын нэр холбогдсон нүүрсний хулгай, Хөгжлийн банк, нийслэлийн болон Богд уулын газар, сангуудыг тоносон хэрэг дээр улс төрийн акц хийж байх ёстой юм. Гэтэл гацчихсан. Намын дарга Л.Гантөмөр нь өөрийн охинд Л.Хуланд Боловсролын зээлийн сангаас АНУ-ын Брауны Их сургуульд суралцах 127 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 444 сая төгрөгийн зээл олгох захирамж гаргасан нь хэл амны бай болж эхлэв.

МАН-ынхан ихэвчлэн касс болгон ашиглаж ирсэн Боловсролын зээлийн санд Ардчилсан намын даргын хүүхэд нэр холбогдож байгаа нь МАН-ынханд олз юм. Тиймээс Л.Гантөмөрийг цаашлаад охиныг нь дайруулж хэдэн өдөр сошиалаар ноолов. Энэ замыг, ийм дайралтыг даван туулна гэж тэр намын дарга болсон. Үндсэндээ бүх эрсдэлээ үүрч чадна гэж бооцоо тавьсан гэсэн үг. Тиймээс эрх баригчид Л.Гантөмөр рүү бүлэглэн дайрч байгаа тул тэр нугарах эрх байхгүй. Түүнийг охинтойгоо бүллидүүлж дууссаны дараа Ардчилсан намынхан Боловсролын зээлийн сангийн мөнгийг эргүүлэн төлсөн гэдэг мэдээлэл бичиж эхлэв. Гэхдээ нийгэм түүнийг хулгайч л гэж харж байна.

Алив сангуудтай нэр холбогдсон улс төрчдийн карьерийн хувьд маш түвэгтэй байдалд орж, эргэн төлөлт хийсэн ч нийгэм тэднийг “хулгайч” гэж онилж, овоо хараандаа оруулчихсан. Ийм түвэгтэй зүйлд намын дарга нь нэр холбогдсон байхад сангуудын хулгай дээр улс төрийн акц хийвэл Ардчилсан намынхан өөрсдийн булшийг ухна гэсэн үг. Намын дарга лидер гэдэг намын ялалтын 50 хувь гэж ойлгож болно. Өнгөрөгч сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн тойргийг умартан бүх нэр дэвшигчдийнхээ тойрогт очин уулзалт хийж, намаа парламентад 62 суудалтай болгосон. Лидер ийм л байх ёстой. Гэтэл ирэх сонгуульд АН-ын дарга иймэрхүү нэр хүндтэйгээр сонгуульд орвол намаа чирж унагахаар байна. Саяхан АН-ынхан мөн улс төрийн зарим нам судалгаа хийлгэж үзэхэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээрт эрэмбэлэгдэж, хоёрдугаарт Х.Баттулга, гуравдугаарт У.Хүрэлсүх, дөрөвдүгээрт Н.Номтойбаяр, тавдугаарт Буян Жагаа гэсэн жагсаалт аль аль судалгаагаар гарч ирсэн байх юм. Харин Ардчилсан намын дарга Л.Гантөмөр эхний 10 дотор орж ирээгүй аж. Уг нь өөрийгөө Л.Оюун-Эрдэнэтэй амгай зуузай холбон гарч ирнэ гэж тооцсон ч яалт ч үгүй ийм үр дүн гарсанд бухимдсан талаар намынхан нь ярьж байна. Намын дарга Л.Гантөмөр одоо өөртөө дүгнэлт хийж, энэ нийгмийн өмнө ил гармаар байх юм. Эсхүл АН-ын дарга ил гарч, гар барьж болохооргүй тийм мундаг гэгээрсэн будда болчихсон юм уу.  

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сангуудтай хууль бусаар нэр холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэв. Нам дотроо олон хүнд гайтай ийм нэг мэдэгдлийг саяхан хийчихсэн. Дайруулаад Ардчилсан намын даргыг ам ангайхгүй болтол хэлчихлээ л дээ. Гэтэл Ардчилсан намынхан зээлийн сангийн “хулгайч” даргаасаа болоод сөрсөн “базаа” хийх ямар ч боломжгүй болчихсон. Сангийн талаар орилоход л “Хулгайч намын даргаа зайлуул” гэхэд л хэлэх үггүй болчихно. МАН хулгайч нараа нэр дэвшүүлэхгүй гэж байхад АН-ынхан хулгайч даргаа нэр дэвшүүлнэ гээд нийгмийг хөдөлгөчихнө. Ийм л эвгүй цаг үед Ардчилсан нам улс төр ч хийж чадахгүй аргаа барсан байдалтай дараагийн нүүдлээ боловсруулах гээд ацан шалаанд орчихсон байх юм.

Ардчилсан намын зарим залуус намын даргаа эс хүлээн зөвшөөрч нам дотроо жигүүр байгуулж байгаагаа зарласан. Гол зорилго нь намын дарга Л.Гантөмөрийгөө ерөнхийлөгч асан Х.Баттулгын утасны хүүхэлдэй тул дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Экс Төрийн тэргүүн Х.Баттулга өөрийн замаар АН-ыг авах нь бүтэлгүйтсэн тул Л.Гантөмөрийн гараар АН-ыг бариулах замыг сонгосныг эсэргүүцэх хүн нам дотор нь олон бий. Сүүлийн үед ил болсон сангуудаас авсан зээлээрээ экс Төрийн тэргүүн Х.Баттулга толгой цохиж яваа харагдсан. Иймэрхүү нэр хүндийг л тэд намдаа авч ирж байна. 

МАН аль ч утгаараа ирэх сонгуулиар Л.Гантөмөр гэдэг ганц мишокийг тойруулж нүдсээр байгаад дуусгах нь маш тодорхой. МАН-ын сайд, гишүүн, дарга нарын Боловсролын зээлийн болон бусад сангийн хүмүүсийг “хулгайч”-аар нь дуудахгүй байгаа биз. Гэтэл Л.Гантөмөр рүү чиглэсэн дайралт, бусад санд нэр холбогдсон АН-ынхан л шонд өлгүүлж байна.

Энэ мэт байдлаас болж Л.Гантөмөр ил гарах нь бүү хэл нуугдаж явахад ч маш түвэгтэй болсон. Хөлөгийн капитан сүйрч байсан ч хөлгөө орхидоггүй бол АН-ын капитан хүмүүсийнхээ ард нуугдаж, хөдөлгөөн хийж чадахгүй байна. Нэр нь Гантөмөр ч намынхаа гишүүдийн өмнө, нийгмийн өмнө нэр шигээ байж чадахгүй байгаа нь ирэх сонгуулийн Ардчилсан намын өнгийг илүү бүдгэрүүлж байна.

Э.БОЛД

1 сэтгэгдэл

  1. Улсийн хувь заяа хазайсан мэт санагдах өнөө үед сөрөг хүчиний дуу хүчтэй байж ард олоны итгэлийг олно! Жирийн баагий нар гараад ямарч сүр сүлдгүй мэт харагдах нь хэт цөөнхи буюу зарим тохиолдолд тэд захиалгатай мэт хар төрүүлнэ! Иймд сөрөг хүчин манлайлж буй Гантөмөр дарга улс төрийн шийдвэрээ шийдэмгий гаргаж тулж ажиллах ёстой!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу