Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд зургаан тусгай сангийн мэдээллийг ил болгож буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.29/ мэдээллээ. Түүний өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэе.

Энэ удаад дараах сангуудын мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулж байна. Үүнд,

  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 

Тус сан нь алслагдсан сум багуудад харилцаа холбооны сүлжээг оруулах, дэд бүтцийг сайжруулах зориулалттай. Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын дараах цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг. Өөрийн ажлын алба гэж байхгүй, удирддаг бүтэц, бүрэлдэхүүн байхгүй.

Сангийн хөрөнгийг бүрдүүлэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Тус санд хөрөнгө оруулах, төвлөрүүлэх, зарцуулах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. 2009-2022 оны хооронд 484 хуулийн этгээдээс 47,4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Ингэхдээ,

  • Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 байгууллагаас 41.5 тэрбум төгрөг,
  • Радио давтамжийн зурвас эзэмшигч 23 байгууллагаас 5.3 тэрбум төгрөг,
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 байгууллагаас 96 сая төгрөг тус тус бүрдүүлсэн гэдэг мэдээлэл бий.

Энэ хөрөнгөөр 2009-2022 оны хооронд алслагдсан нийт 1,639 баг байдгаас 1,226 багт 3G, 4G сүлжээ, интернэт шуудан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хүргэсэн байна. Энэ сангийн үйл ажиллагааг хянах үүднээс Хяналтын зөвлөл бий болгосон. Улсын хэмжээнд шилэн кабель ороогүй дөрвөн сум л үлдсэн. Энэ жилдээ багтааж дуусгана.

  • Эрүүл мэндийн даатгалын сан

Тус сан нь 2018 оноос өмнө Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан.

2018-2022 оны хооронд тус сангийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлыг эрүүл мэндийг байгууллага тус бүрээр нь байршуулж байна.

Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3,092 эрүүл мэндийн байгууллагад 1,7 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үүнд, улсын эмнэлэг, эмийн сан, хувийн эмнэлгүүд, бүх шатлалын эмнэлгүүд багтсан байна.

  • Ирээдүй өв сан

Энэ сангийн хууль 2016 онд батлагдсан. 2017 оноос эхлэн орлого төвлөрүүлж эхэлсэн. Ингэхдээ,

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • Ногдол ашгийн орлого
  • Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр
  • Хүүгийн орлого гэсэн орлогуудаас сангийн хөрөнгө бүрддэг.

2022 оны жилийн эцсийн байдлаар 2.6 их наядын хуримтлалын үлдэгдэлтэй байгаа. 2022 онд 1.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулсан гэдэг мэдээлэл байна. 

  • Төсвийн тогтворжуулалтын сан

Тус сан нь нэгдсэн төсвийн урт болон дунд хугацааны тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэх үүрэгтэй. 2022 оны жилийн эцсийн байдлаар энэ сангийн хуримтал нь 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017, 2019, 2020-2022 онуудад шилжүүлгүүд хийж, төсвийг тогтворжуулсан.

  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  • Эрүүл мэндийг дэмжих сан зэрэг сангуудын мэдээллийг ил болголоо.

Мөн дараах хоёр мэдээллийг ил болгож байна. 

  • Дүүргийн Засаг дарга нарын газар олголт

Есөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын захирамжаар олгогдсон 315,503 газар олголтын мэдээллийг ил болгож байна. Үүнд, 

  • 2000 – 2023 оны хооронд олгосон Чингэлтэй дүүргийн 35,049 газар,
  • 2000 – 2023 оны хооронд олгосон Баянзүрх дүүргийн 86,051 газар, 
  • 2000 – 2023 оны хооронд олгосон Сүхбаатар дүүргийн 51,477 газар, 
  • 2000 – 2023 оны хооронд олгосон Баянгол дүүргийн 10,744 газар,
  • 2000 – 2021 оны хооронд олгосон Багануур дүүргийн 10,487 газар /Сүүлийн хоёр жилийн газар олголтын мэдээлэл ирүүлээгүй/ 
  • 2000-2020 оны хооронд олгосон Налайх дүүргийн газар /Сүүлийн гурван жилийн газар олголтын мэдээлэл ирүүлээгүй/ 
  • 2000-2010 оны хооронд олгосон Багахангай, Хан-Уул дүүргийн газар /Сүүлийн 13 жилийн газар олголтын мэдээлэл ирүүлээгүй/ 
  • 2013-2021 оны хооронд олгосон Сонгинохайрхан дүүргийн газар Сүүлийн хоёр жилийн газар олголтын мэдээлэл ирүүлээгүй/  мэдээллийг байршуулж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 2012 оноос өмнөх 495 зээлдэгчийн мэдээлэл дутуу байсныг байршуулж, тус сангийн мэдээлэл бүрэн байршлаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу