Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.05.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн талаар “Ц.Хулангийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа. Нууцын зэрэглэлтэй хэрэг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ц.Хулан цагдан хоригдсон хэвээр байгаа. Хэрэг нь шүүхэд шилжсэн учраас хэргийг хянан шийдвэрлэх хүртэл цагдан хорьсон хэвээр байна. Уг хэргийг шүүх шүүгч нь Хөгжлийн банкны шүүх хуралтай байгаа. Тиймээс Хөгжлийн банкны хурал дуустал түүнийг цагдан хорино” гэлээ. 

Сануулахад, Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 98 дахь хоногтоо  хоригдож байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд зааснаар гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдээд буй.
Харин  80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон Хөгжлийн банкны гэх шүүх хурал 31 дэх өдрөө үргэлжилж байна. Нийт 215 оролцогчтой уг шүүх хурал есөн үе шаттайгаар явагдана. Өнөөдрийн байдлаар дөрөв дэх шат явж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу