Ерөнхий сайдын 12 дахь удаагын өглөөний уулзалтаар Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа. Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, дараах сэдвүүдийг онцолсон юм.

ДБЭТ-ын найрал дуучин А.Анар-Эрдэнэ: Соёл урлагийн ажилтны дундаж цалин 700 гаруй мянган төгрөг буюу бусад салбартай харьцуулахад 20-25 хувь бага байна. Өнөөдөр ийм мөнгөөр амьдрах туйлын хэцүү. Иймд соёл урлагийн ажилтны үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая болгож өгнө үү. Ингэснээр соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгаа дээшилж, хүний нөөцийн чадавх бэхэжнэ.

ЕБС-ийн номын сангийн холбооны тэргүүн Т.Отгоо: ЕБС-ийн номын сангийн орчин хаягдчихлаа, хүүхдүүдэд ном уншаад суух орчин алга. Хүний нөөцийн асуудал хүнд байна. Номын санг нь анги танхим болгоод ашиглачихдаг. ЕБС-иудын номын сангийн орчныг сайжруулж, техник хэрэгслээр хангамаар байна.
УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга Б.Хишигзаяа: Хүний нөөцийн асуудал маш хүнд байна. Зохиолч байхгүй, залгамж халаа алдагдсан. Зохиолын гачигдалд орсон учраас бид өнөөдөр арга буюу гадаадын зохиолоор уран бүтээл хийж байна. Мэргэжлийн зураач, дууны инженер, гэрлийн дизайнергүй боллоо. Нарийн мэргэжлийн хүмүүсээ бодлогоор дэмжиж, сургах хэрэгтэй байна.
 Мөн төлөөллүүд “ДБЭТ-ын зарим бүтээлд нэг хүн хоёр дүрд ажиллаж байна. Дэлхийн хэмжээний гоцлоочид БНСУ, Япон зэрэг улсад ажиллахаар явж байна. Орон нутгийн театрууд үйлчилгээний ажилтнуудаа олны хэсэгт тоглуулж байна” гэх мэтчилэн асуудлуудыг Ерөнхий сайдад уламжиллаа. 
Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийнэ гэж хэллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу