Бүгд Найрамдах Турк Улсад газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Турк улс руу эрэн хайх аврах баг илгээх, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа буюу хоёрдугаар сарын 8-нд Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлгийн нийт 35 хүн Туркийн Хатай хотод ажилласан.

Эл аврах багийн алба хаагчдад урамшуулал тооцож олгоно хэмээн мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгоогүй гэх мэдээлэл цахим сүлжээнд олны бухимдлыг төрүүлээд байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Алба хаагчдад урамшууллыг нь олгох чиглэлд Онцгой байдлын албаны удирдлагууд ажиллаж байгаа. Манай байгууллага дангаар шийдэх боломжгүй. Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар оруулахыг хүлээж байна” гэлээ.

Сануулахад, Аврах багийг ирсний дараа тэдэнд “Хүндэт өргөмжлөл” гардуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа.

Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно. Мөн гамшгийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй” хэмээн хэлж байв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу