Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг хүлээн авч уулзлаа. Тэд байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтынх нь талаар хэлэлцэн, зарим нэг үүрэг чиглэлийг Монгол Улсын Шадар сайд өгсөн юм.Монгол Улсын Засгийн газраас бодлогоор дэмжиж буй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг сануулав. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалтаар нийт 368 байгууллагыг хамруулснаас 414 нэр төрлийн эмийн өртөг үнээс бөөний үнэ хүртэлх нэмэгдсэн хувь хэмжээг тооцож үзэхэд долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78.5 хувь 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, тавих хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Иймд газар дээр нь очиж ажиллан, зөрчлийг арилгуулж, эм, эмийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу