Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнөөдөр /2023.05.30/ мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны үе үеийн сайд нар, Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди, Л.Цэдэвсүрэн нарын хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдлээ. Мөн тэрбээр цагдаагийн хамгаалалт авах хүсэлтээ гаргаж буй аж.

Энэ тухайгаа О.Сийлэгмаа “Би 2021 оны арваннэгдүгээр сараас хойш Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст орж ажилласан. Ингэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу олгож байгаа зээлийг хянах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр ажилласан юм. 2022 оны есдүгээр сар хүртэл ажиллах хугацаанд Боловсролын зээлийн сангаас олгож буй гадаад зээл, тэтгэлгийн үйл ажиллагаа нэлээд доголдолтой байгаа талаар харьяа дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүртэл хандсан. Гэтэл улс төрчид, мэдээлэлд ойр, чинээлэг хүмүүсийн эрх ашгийг хөндсөн юм шиг байна. Тийм учраас энэ асуудал өнөөдөр ийм хэмжээний өндрөө авах түвшинд хүрчээ. 

Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд элсэх оюутнуудад зээл олгох хөтөлбөрт нийтдээ 421 суралцагчийг зээлээр суралцуулах шийдвэр гарчээ. Үүнийг ажиллаж байх хугацаандаа хянаад үзэхэд 93 орчим хувийн зөрчилтэй байсан юм. Тэргүүлэх бус мэргэжлээр, шилдэг 100-д багтаагүй сургуульд элссэн гэх мэт журам зөрчсөн олон зөрчил байсан. Энэ зөрчлийг арилгуулж, журмаа мөрдөж ажиллах гэхээр их төвөгтэй юм билээ. Дээд байгууллага, албан тушаалтнуудаас нэлээд дарамт ирсэн.  

Төсвийн хөрөнгийг ингэж үр ашиггүй зарцуулж байгааг би нүдээ аниад, тоохгүй өнгөрөөж чадаагүй юм. Ажлаас халагдсаныхаа дараа буюу 2022 оны есдүгээр сараас эхэлж олон нийтэд хандаж эхэлсэн. Үүнээс хойш боломж гарах бүрт нь хэвлэлд мэдээлэл өгч, ярьж ирлээ. Үүний маань үр дүн гарч байгаад маш их баяртай байна. 

Нэгэнт хууль бусаар ийм их хэмжээний хохирлыг учруулсан байх магадлалтай энэ асуудлыг хөндсөн учир үнийг хянаж, шалгаж үзэхийг хүсэж, нэр бүхий албан тушаалтнуудыг буюу үе үеийн шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгч байна. 

Гадаадад суралцуулах шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Тухайн үеийн сайдын гаргасан хууль бус шийдвэрийг дэмжиж, зээлийг нь тэглэсэн Боловсрол, шинжлэх ухааны үе үеийн сайд нар,  одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж байгаа Д.Гарди, БШУ-ны яаманд 20 гаруй жил ажилласан ТНБД Л.Цэдэвсүрэн нарын албан тушаалтнуудыг шалгахыг хүсэж, АТГ-т хандаж байна.

Мөн миний хөндөж байгаа энэ асуудал нэр бүхий улс төрчдийн эрх ашгийг хөндсөн юм шиг байна. Тийм учраас энэ хүмүүсийг шалгах хүсэлт өгөхийн хамтаар хамгаалалт авах хүсэлтийг АТГ-д гаргаж байгаа юм” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу