ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. /2023.05.30/

Тэрбээр “Намын бүлгүүд өнөөдөр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнөх  хурлаа хийлээ. Парламентын гишүүдийн тоог нэмэх нь иргэдэд шууд утгаараа таалагдахгүй байгаа. Гэхдээ энэ өөрчлөлт хэрэгтэй гэдгийг ойлгож буй бүлэг ч бий.

Энгийнээр хэлбэл, өнөөдрийн нөхцөл байдлыг эм ууж аргацаах уу, мэс засал хийж анагаах уу гэсэн сонголтын өмнө байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдал бүрийг бид цаашдаа хараад суух уу, өөрчлөх үү гэдгийг бодож, гишүүдийн тоог нэмэх Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. УИХ-ын гишүүд маань ч энэ агуулгаа бодож асуудалд хандана гэдэгт итгэлтэй байна.

Эрх мэдлийн төвлөрөл их болсон. 76 гишүүн нь яваандаа 76 Ерөнхий сайд, дарга болж хувирсан тул энэ тогтолцоо, тоог өөрчлөх гэж байгаа юм” гэлээ.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариуллаа.

-Танхимын бодлогод эсрэг байр суурь илэрхийлж буй парламентын гишүүд байна. Үүнийг яах вэ?

-Гишүүдийн хараат бусаар санал өгөх эрхэд халдаж болохгүй. Гэхдээ Засгийн газар гэдэг бол нэг кабинет. Бид бодлого гаргаад ажиллаж байна. Энэ кабинетын гишүүд ардчиллын зарчмаар ажиллах ёстой.  Олонхын шийдвэрийг цөөнх нь дагах ёстой. Цөөнхийн саналыг ч олонх нь харгалзан үзэх ёстой юм. Эцсийн байдлаар шийд гараагүй байна. Маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар эцсийн үр дүн гарна.

-Ил болж буй сангуудын мэдээллийг харахад УИХ-ын гишүүд нэр холбогдсон тохиолдол олон байна. Тэгэхээр 76 хүн сан тонодог байсан бол тэр тоо 126 болох юм уу?

-Тоо нэмж буй явдлыг өнөөдрийн түвшнээр харж болохгүй. Ингэж харвал ямар ч өөрчлөлт шинэчлэлт тухайн нийгэмд гарахгүй.

Нийгмийг бухимдуулсан, ард иргэдэд итгэл төгс амьдрах итгэл үнэмшил хомс болж байгаа энэ үед бид зоригтой өөрчлөлт хийж, дараагийн түвшний хувьсгалыг хийгээд явах уу гэдэгт анхаарах хэрэгтэй .

Энд хэн нэгэн улс төрчийн, аль нэг намын эрх ашиг байж болохгүй. Үүнээс цааш бид 21-р зууны чиг хандлагатай, соёлтой, ухамсартай, улс төр, нийгмийг бүтээхийн тулд ажиллах ёстой. Үүнийг л зорьж ажиллаж байна.

-Цалин тэтгэврийг нэмэх асуудлыг ч хөндөж байгаа юу?

-Бүлгийн хурлаар эцэслэж, шийдэх болохоор хурал дууссаны дараа мэдээлэл өгье.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ямар асуудал үүсээд байгаа вэ. Онцгой байдлын нэмэгдлийг олгож чадахгүй байна. Энэ жижиг асуудлыг заавал Засгийн газрын хурлаар оруулж шийдвэрлэх ёстой юм уу?

-Төрийн хэмнэлтийн хууль нь цар тахлын үед бий болсон ойлголт. Энэ хууль гарснаар өндөр ач холбогдол өгсөн. Тухайн хугацаанд гурав орчим их наяд төгрөгийг хэмнэж чадсан. Энэ хуулийг цаашид хэрэгжүүлэх ёстой юу, үгүй юу гэдгийг бид хэлэлцэж байгаа. Учир нь шийдэх ёстой олон зүйлийг хааж байгаа талаар иргэд болон төрийн албаныхан ярьж байна. Засгийн газрын зүгээс энэ хаврын чуулганаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн байр суурьтай байгаа. Хийх ёстой ажлуудаа “Хэмнэлтийн хууль”-аар хааж болохгүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу