Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 түрүүлсэн, мэргэжлийн сумод 1187 давсан, дээд зиндаанд 1093 давсан, 16 удаа дээд зиндаанд уналгүй түрүүлсэн түүхэн амжилтыг бүтээгээд буй Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, 69 дэх ёкозүна М.Даваажаргалын зодог тайлах ёслол өчигдөр Кокүгикан ордонд боллоо. 

Ёкозүнагийн дохёнд гарах ёслолын дараа Япон улсын Төрийн дууллыг GACKT, Монгол Улсын Төрийн дууллыг Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар дууллаа. М.Даваажаргал 16 насандаа сүмо бөхөд хөл тавьснаа хойш 21 жилийн дараа ийнхүү сүмо бөхийн их өндөрлөгт хүрсэн замаа өндөрлүүлж зодгоо тайлж байгаа юм. Зодог тайлах ёслолд Хакүхогийн анд нөхөд, төрөл садан, гадаадын элч төлөөлөгчдийн төлөөлөл тэргүүтэй нийт 9000 гаруй хүн хуран цуглажээ. 

Сэвлэг үсэнд багш нар, үе үеийн ёкозүна нарын төлөөлөл, Сүмогийн холбооны удирдлага бизнес эрхлэгч, улс төр, урлаг, спорт, шинжлэх ухааны эрдэмтэн, анд нөхөд, ах дүү ураг төрлийн төлөөлөл зэрэг нийт 280 хүн хайч хүргэж, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр ийнхүү зодог тайлсны дараа Миягино дэвжээг өвлөн авч, багшийн ажлаа эхлүүлэх юм.